Вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд 852 иргэн хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-01-25 15:31:14

Ховд /МОНЦАМЭ/. Сүүлийн үeд Ховд аймгийн хэмжээнд коронавирусний халдварын өвчлөл нэмэгдэж, тусгаарлах эмнэлгийн ачаалал ихэсчээ.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс хуралдаж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх иргэдэд эмчийн магадлагаа, дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, шинжилгээ авах “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ажлын өдрүүдэд 09.00-13.00 цагийн хооронд ажиллуулах, иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх, вакцины гурав, дөрөвдүгээр тунд идэвхтэй хамруулахад анхаарах зэрэг хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгсөн.

Иймээс орон нутагт дархлаажуулалтын ажил хэрхэн өрнөж байгаа талаар Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас тодрууллаа.

Одоогийн байдлаар вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 88.9 хувь буюу 56481 хүн эхний тун, 84.0 хувь буюу 53349 хүн хоёрдугаар тун вакцин хийлгэжээ.

Харин нэмэлт гуравдугаар тунд 59.1 хувь буюу 26428 хүн, дөрөвдүгээр тунд 852 хүн тус тус хамрагдсан байна.

Үүнээс онцлоход, сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 29 хүн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэжээ. 

Ийнхүү дархлаажуулалтын ажлыг Ховд аймагт зохион байгуулахдаа харьяа сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан иргэдэд үйлчилж буй.  

Холбоотой мэдээ