Хүннүгийн язгууртны оршуулгаас олдсон сүйх тэрэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-01-26 13:32:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн Эртний түүхийн танхимд нээгдээд байгаа билээ. 


Тус үзэсгэлэнгээр 2000 жилийн өмнөх Монголын эртний нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний ихэс дээдэст холбогдох язгууртны булшнаас илэрч олдсон археологийн баялаг олдвор хэрэглэгдэхүүний үр дүнг танилцуулж буй бөгөөд 2006-2015 онд ШУА Археологийн хүрээлэн ОХУ-ын Сибирийн салбарын Археологи, Этнографийн хүрээлэнтэй хамтарч Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумыг дамнан орших алдарт Хараагийн Ноён ууланд “Ноён уулын булшны археологийн судалгаа” төслийг хэрэгжүүлж Хүннүгийн язгууртны 4 булш, дагуул 4 булшинд археологийн малтлага судалгаа хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү малтлага судалгааны хүрээнд 1300 орчим олдвор хэрэглэгдэхүүнийг шинээр олж илрүүлсэн бөгөөд дахин давтагдашгүй хийц загвар бүхий 400 орчим олдворыг тусгай үзэсгэлэн болгон дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой юм.


Энэ удаад ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс сүйх тэргийг танилцуулж байна. Малтлагын үеэр чий будгаар бүрсэн 19 ширхэг модон хигээс тойрог хэлбэр үүсгэн илэрсэн бөгөөд 90 см урт, 0.8-1 см голчтой байв. Хигээс бүр төгсгөлдөө цэцэг чимэглэлтэй хүрэл догтой бөгөөд малтлагын явцад нийт 25 ширхэг хүрэл дог илэрсэн нь уг шүхэр 25 ширхэг хигээстэй байсныг гэрчилж байв.


Тонуулчдын нүх шүхрийн баруун хэсгийг гэмтээсэн тул зарим хүрэл догууд анхны байрлалаа алджээ. Хүрэл догууд нэг талдаа бүч бэхлэх зориулалттай дэгээтэй бөгөөд зарим догонд улаан өнгийн торгон бүчний үлдэгдэл хадгалагдсан байв.




Шүхрийн дороос улаан, хар өнгийн чийгээр бүрсэн сүйх тэрэгний модон тэвшний хэсэг илрэв. Тэрэгний модон эдлэлүүд барих боломжгүйгээр хөрстэй уусаж, хэврэгшин, зөвхөн улаан өнгийн чий будагтай хэсгүүд үлдсэн байлаа.




Тэвшний ханын өндөр 45-50 см, өргөн 60 см хэмжээтэй байв. Тэрэгний тэвшний дороос төмөр тогооны хэсэг, жижиг төмөр шанага болон бусад төмөр эдлэлийн хэсгүүд илэрч байв. Улмаар 12.9 м гүнд сүйх тэрэгний нэг дугуйны ором төдий илрэв. Дугуйны төмөр мөөрний ихэнх хэсэг исэлдэж үгүй болсон байна. 13.7 м гүнд хоёр дахь дугуй илэрсэн бөгөөд хадгалалт муу, дугуйны төмөр мөөр исэлдэн үгүй болж, зарим модон хигээсний чий будагтай хэсгүүд үлдсэн байв. Дугуйг модоор хийж, чийгээр бүрж, мөөрийг төмрөөр тоноглосон бөгөөд түүний голч дунджаар 1.5 м, өргөн 8 см, хигээсний тоо ойролцоогоор 24 ширхэг байсан бололтой ажээ. Сүйх тэрэгний тал хэсгийг тонуулчдын нүх дайрч сүйтгэсэн хэдий ч үлдсэн хэсэгт үндэслэн тэргийг сэргээх бүрэн боломжтой байлаа.


"Хүннү: Археологийн шинэ нээлт" тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1 хүртэл Монголын Үндэсний музейд гарах юм.

Холбоотой мэдээ