ХАЙРЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ОНЦЛОХ ТАВАН ЗОХИОЛ
ТОЙМУлаанбаатар /МОНЦАМЭ/.
АРЬСАН ХҮРЭМТЭЙ МАДОННА
Туркийн
алдарт зохиолч Сабахаттин Алигийн монголд анхлан орчуулагдсан роман бол “Арьсан
хүрэмтэй Мадонна” юм. Тус роман Мариа Пүдер болон турк эр Раиф эфэнди хоёрын
хайр сэтгэлийн гашуун дурсамжийг өгүүлдэг. Гэвч энэ нь мэдээж “үнэн” юм. Үнэн
хэзээд гашуун байдаг.
Зохиолын
гол дүрийн эмгэнэл нь өгүүлшгүй их шаналан, харууслын үр дүнд бүтээгдсэн бөгөөд
ямар нэгэн залруулах боломж харин огт байсангүй. Эл романы хүүрнэгч Расым нэг
өрөөнд хамтран ажиллаж буй найз Раиф эфэндигийн үйл хөдлөл, зожиг байдлыг
хачирхаж басхүү эгдүүцэх хэдий ч сэтгэлийнх нь гүндэх нууцыг мэдрэхээр
чармайна. Романы эхлэл болох тус өгүүлэмж нь гадагш чиглэлтэй бөгөөд Раиф
эфэнди нөгчисний хойно Расымын гарт түүний тэмдэглэлийн дэвтэр орж ирнэ. Яг
эндээс л гадагшаа чиглэлтэй хүүрнэл дотогш чиглэсэн үйл явдлуудаар
тодорхойлогдож эхэлдэг билээ. Тиймээс ч судлаачид “Арьсан хүрэмтэй Мадонна”-г
“зохиолын доторх зохиол” буюу “frame nerrative” хэлбэртэй роман гэж үздэг.
Нөгөөтэйгүүр тус роман нь хоёр өөр үндэстний хүмүүсийн
хайр сэтгэл, дэлхийн нэгдүгээр дайны дараах цаг үеийн байдлыг нарийн зураглаж
үзүүлснээрээ онцлогтой. Тийм ч учраас Сабахаттин Алид цэвэр тунгалаг болоод
ээдрээтэй, төгсгөл нь харууслаар дүүрэн үнэн ариун, үүрдийн хайр сэтгэлийн
тухай түүх хэрэг болсон нь ойлгомжтой билээ.
ДУРЛАЛ ЗОХИОН БҮТЭЭГЧ
Дурлалыг
ер нь зохион бүтээж болох уу? Энгийн мэт эсвэл бүр мунхаг оюунаас үүдсэн шиг
боловч хариулахад тийм ч амар бус асуулт л даа. Заримдаа үнэхээр зохиочихож
болмоор санагддаг. Өдгөө олон нийтийн дунд өрнүүлдэг “сохор болзоо” гэх ерөнхий
нэг сэдэвтэй зурагтын шоунууд ч үүнийг батлана.
Зохиолч
Г.Аюурзаны хамгийн сүүлд хэвлүүлсэн өгүүллэгийн түүвэр болох тус номоос хайр
сэтгэлээс гадна хүн хэмээх хувь ертөнцийн “дотоод монолог”, амьдралын тухай
олон салаа эргэцүүлэлтэй учирна.
“Гүнд-Оог санаж байна уу? гэж Мундагаа
надаас асуув”, “-Танд гадаадаас илгээмж ирж…”, “Цогт санаандгүй л “Бушуухан
үхэх юм сан” гээд хэлчихжээ”, “Суваг сольж суутал, гэнэтхэн, баруун гараа
шохойдоод хүзүүнээсээ сойчихсон бүсгүй төгөлдөр хуур тоглож харагдав!”, “Хагас
жил нар үзээгүй туйлын бүрэнхий өвөл дууслаа” “Ганхүү гэнэт л амьдралынхаа
гурван жилийг алгасчихжээ”…
“Дурлал зохион бүтээгч” номын хэд хэдэн
өгүүллэг нь томоохон тууж, романы дундаас гэнэтхэн унших шиг сэтгэгдэл
төрүүлэхүйцээр эхэлнэ. Номын
титэм болсон өгүүллэгтээ өөрийг нь тоож харахгүй, ихэмсэг зант бүсгүйг өөртөө
дурлуулахын төлөө гол баатар залуу “дурлал зохион бүтээгч” гэгдэх нэг эрхэмд их
хэмжээний мөнгө төлнө. Гэхдээ тэд хэн хэнтэйгээ учран цэнгэж, эр эмийн явдал
үйлдэж буйгаа яг зэрэг, нэлээдгүй хэдэн хоног дарааллан зүүдлэхээс өөр зүйлгүй.
Гэтэл “Сэтгэл зүрхийг маань ховсдох учиртай хэн нэгний тухай төсөөлөлтэйгөө бид
анхнаасаа л хамт төрдөг мэт” гэх залуугийн бодол- зүүд нь бодит зүйл асныг
нотлоно. Сэтгэл зүрхийг нь ховсдож буй хэн нэгний төсөөлөл, магадгүй зүүдэнд л
бодит амьдрал оршдог ч юм шиг мэдрэмж төрнө.
НОРВЕГИЙН ОЙ
Японы орчин цагийн
хамгийн чухаг зохиолчдын нэг Харуки Муракамигийн “Норвегийн ой” романыг
онцлохгүйгээр уг жагсаалтыг үргэлжлүүлэх боломжгүй билээ. Тус бүтээлийг
Муракамигийн “Хилийн дээснээс урагш, алтан нарнаас баруунтаа” туужийг монгол
хэлт уншигчдад анхлан хүргэсэн орчуулагч Б.Гэрэл дуун хөрвүүлсэн нь бий.
Сэтгэл уярам уг
хайрын түүхээс сэдэвлэсэн ижил нэрт кино нь ч мөн алдартай.
МАСТЕР МАРГАРИТА ХОЁР
Уншигч бүрийн
дуртай зохиол л доо. Гэхдээ ихэнх хүн Мастер болон Маргарита хоёрын хайр
сэтгэлийн тухай ярьдаг. Оросын суут зохиолч Михаил Афанасьевич Булгаковын тус
роман хайр сэтгэлийн тухай бус хүний амьдрал, зэрэгцээ ертөнцөд болж буй үйл
явдлуудын холбоо хамаарлыг хоёр шугамаар урсган нийлмэл санааг цогцлоож
бичигдсэнээрээ миний бахдалыг хамгаас их төрүүлдэг. “Булгаков нь сонгодог
зохиолч гэдэгтэй хэнч маргахгуй юм. Тэрээр өөрийн хосгүй орос хэлний хүчинд
Пушкин, Гоголь, Толстой, Чеховтой нэг эгнээнд тавигдах болсон юм. Тэр их
ядуу, наад захын хэрэглээний зүйл ч үгүй, түүний амьдрал аймшигтайгаар
сүйрэн тэр олон зүйлээс татгалзах болсонч, түүнд ганц байсан зүйл бол түүний
гайхамшигтай хэл байжээ. Тэр оросын уран зохиолд хэнээс ч илүү, ёстой нэг
гайхуулах шиг бичдэг байв” гэж Оросын зохиолч Максим Кантор өгүүлсэн байдаг.
Ёстой ганган хэлсэн байгаа биз. Гэхдээ л уг зохиолд үүрдийн ариун,
үнэнч хайр дурлалын тухай өгүүлдэг билээ.
ДУРСАМЖ БА ХОТ
Нобелийн шагналт зохиолч Орхан Памукын “Истанбул: Дурсамж ба хот” номыг судлаачид “хайрын тунхаг” хэмээн дүгнэдэг. Анхны хайрын хэсэг бол бас догдлуулна шүү дээ. Үйл явдал, үзэсгэлэнт хот нь өөр, өөр боловч яг л нэг тийм цаг хугацаа бидний дурсамжинд ч бас үлдэж хоцорсон гэдгийг эргэн санах бүрийд “Хар сарнай”, Орхан хоёрын тухай л уншмаар болдог сон. Бас төгсгөлийн "Би түүнд есөн урт захидал бичсэнийхээ долоог нь дугтуйлж, тавыг нь илгээсэн ч ганц ч хариу хүлээж аваагүй билээ" гэсэн өгүүлбэр хачин их таалагддаг юм. Мөнхүү хотынхоо уй гунигийг мэрж, газар нутгийн дүнсгэр ахуй, нөхцлөөс гоо үзэсгэлэнг өөртөө олж нээдэг тийм л мэдрэмжийн амтыг бүрнээ төлөөлж чадах бүтээл. Ийм л учраас “Энэ ном бол хайрын тунхаг” хэмээсэн Сандэй Таймсийн үнэн болж таардаг даа.