НҮБ-ын тэргүүн Украиныг тойрсон хямралыг дипломат аргаар шийдвэрлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-02-15 17:17:33

НЬЮ-ЙОРК. /NHK/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украиныг тойрсон хямралыг дипломат аргаар зохицуулахыг уриалаад, энэ чиглэлд НҮБ мөн хүчин чармайлт гаргана гэдгийг мэдэгджээ.


Өрнөдийн томоохон орнууд ОХУ-ыг Украин руу халдан довтлох вий гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийлэх болоод буй үед НҮБ-ын тэргүүн энэхүү мэдэгдлийг хийсэн байна.


А.Гутерреш даваа гарагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай мөн цахим хэлбэрээр тусдаа ярилцжээ.


Эдгээр уулзалтын дараа А.Гутерреш сэтгүүлчдэд, хурцадмал байдал даамжирч, Европт цэргийн мөргөлдөөн гарч болзошгүй гэх таамаглал газар авч байгаад ихэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Тэрбээр мөн үүнд дипломат ажиллагаанаас өөр шийдэл байхгүй гэдгийг цохон тэмдэглээд, хурцадмал байдлыг намжаах цаг ирээд байгааг хэлжээ. Мөн холбогдох орнуудын удирдагчдын гаргаж буй дипломат хүчин чармайлтыг сайшаасан байна.


Даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик тус байгууллага Украин дахь 1600 гаруй ажилтнаа нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөгүй байгааг мөн мэдээлжээ. 

Холбоотой мэдээ