Алтан төлийн эзнээр дөрвөн малчин шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2022-02-16 09:08:36

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзнээр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын тавдугаар багийн малчин Б.Бадамцэрэн, Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчин Л.Эрдэнэтогтох, Шивээговь сумын хоёрдугаар багийн малчин Б.Отгонбаатар, Баянтал сумын хоёрдугаар багийн малчин А.Замзаах нар шалгарчээ.

Дээрх малчид сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангахад хувь нэмэр оруулсан, малаа эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг орлогоо нэмэгдүүлсэн  зэрэг олон үзүүлэлтээр бусдыгаа манлайлсан байна.

Мөн малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдах, сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжих зэрэг санаачилга гарган ажилласан байна. “Алтан төл”-ийн эзнээр шалгарсан малчдын шагналыг аймгийн Засаг дарга Г.Батзам, ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл болон албаны хүмүүс гардуулжээ.

Холбоотой мэдээ