Төрийн Дум БНДАУ, БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрөхийг В.Путинээс шууд хүсэх тогтоолын төслийг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-02-16 10:52:12

МОСКВА. /RIA Novost/. ОХУ-ын парламентын доод танхим буюу Төрийн Дум өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улсыг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх шаардлагатай байгаа талаар Ерөнхийлөгчид шууд хандах тогтоолын төслийг дэмжжээ.


Энэхүү төсөл нь Украиныг тойрсон хямрал эрс хурцдаж буйтай холбоотойгоор ОХУ-ын Коммунист намаас өргөн барьсан илүү хатуу төсөл юм. 


Харин “Нэгдмэл Орос” намаас өргөн барьсан хувилбарт хүсэлтийг В.Путинд шууд тавихгүй, ГХЯ-тай нэмж зөвлөлдсөний дараа илгээхээр тусгасан байжээ.


Коммунистууд хариуцлагыг ГХЯ-нд шилжүүлэхгүй байх, Өрнөдийн орнуудтай хийж буй дипломат сөргөлдөөнд В.Путинд дэмжлэг үзүүлэхийг санал болгосон байна. 


Мягмар гарагт болсон Төрийн Думын нэгдсэн хуралдаанаар хоёр хувилбарыг нэг цаг гаруй хэлэлцэж, эцэст нь хоёр төслийг дэмжих эсэх талаар хамгийн олон санал авсан хувилбарыг сонгодог рейтингийн санал хураалт явуулжээ.


Коммунистуудын төслийг депутатуудын 351 нь дэмжиж, 16 нь эсэргүүцсэн бол нэг хүн түдгэлзсэн бол “Нэгдмэл Орос” намын төслийг 310 депутат дэмжжээ. Ингэснээр эхний хувилбарыг сонгосон байна. 


Баримт бичгийг төрийн тэргүүнд нэн даруй хүргүүлнэ гэж Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин мэдэгджээ. 


“БНДАУ болон БНЛАУ-ыг хүлээн зөвшөөрснөөр аюулгүй байдлын баталгааг хангах, бүгд найрамдах улсуудын иргэдийг гадны аюулаас хамгаалах, түүнчлэн олон улсын энх тайван, бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх үндэс суурь болно гэж депутатууд үзэж байна" гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


ОХУ-ын Коммунист намаас парламентад сонгогдсон депутатууд Донбасст өөрийгөө зарлан тунхагласан бүгд найрамдах улсуудыг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрч, улс хоорондын харилцааны эрх зүйн үндсийг бий болгох, хамтын ажиллагаа, харилцан туслалцах бүхий л асуудлыг зохицуулахын тулд удирдлагуудтай нь аль болох хурдан хэлэлцээ хийх талаар Ерөнхийлөгчид хандах төслийг нэгдүгээр сарын 19-нд танилцуулсан байна.


Харин “Нэгдмэл Орос” намын депутатууд Коммунист намын тогтоолын төслийг Гадаад хэргийн яамтай зөвлөлдөх тогтоолын баримт бичгийг хоёрдугаар сарын 14-нд Төрийн Думд өргөн барьжээ.


Вашингтон түгшүүртэй байдлыг улам хурцатгаж, Европын орнуудтай хамт Украинд зэвсэг нийлүүлж, Киев Минскийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Энэ бүхэн ОХУ-ын иргэд болон БНДАУ, БНЛАУ-д оршин сууж буй нутаг нэгтнүүдийн амьдралд аюул, эрсдэл учруулж байна гэж В.Володин хэлсэн байна.


Холбоотой мэдээ