Хоёр байгууллага, нэг иргэнд уран зураг "үрчлүүлж", сэргээн засварлуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-02-18 13:43:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Уран зургийн галерейн хамт олон галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах чиглэлээр 2019 оноос хэрэгжүүлж буй “Соёлын үнэт өвийг үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд гурван бүтээлийг хоёр байгууллага, нэг иргэнд “үрчлүүлж” сэргээн завсарлуулаад байна.


Тодруулбал, 2019 онд Монгол банк 95 жилийн ойгоо угтан банкны салбарт ажиллаж буй нийт 14 мянган ажилчдаас тус бүр 1500 төгрөг сайн дураар цуглуулж, АУЗ Л.Гаваагийн “Алтайн уулс” хосгүй бүтээлийг үрчилж аван, сэргээн засварлажээ.


Мөн Ардын зураач О.Цэвэгжавийн “Эмнэг сургагч” гэх бүтээл галд өртсөн цагаасаа хойш үзэгчдийн хүртээл болж чадалгүй олон жил болсныг  “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэх нийгэмлэг”, 15 мянган төмөр замчид хандив цуглуулж сэргээн засварлуулсан байна.

Харин хувь иргэнд үрчлүүлсэн бүтээл бол УГЗ Н.Цүлтэмийн “Цэцэгтэй эмэгтэй” бүтээлийг бүтээлийн гол дүр болох Монголын анхны эмэгтэй зураачдын нэг Ч.Шижээхүүгийн гэр бүлийнхэн үрчлэн авч, сэргээн засварласан байна.


2008 оны 7 дугаар  сарын 1-ний үймээн болон 2009 онд гарсан гал түймэрт Монголын уран зургийн галерейн мянга гаруй уран бүтээл өртсөнөөс дийлэнхийг нь улсын төсөв болон гадаад улсуудын дэмжлэг, сайн дурын төслүүдээр сэргээн засварласан ч, үлдсэн 300 гаруй бүтээл сүйдсэн хэвээр өнөөдрийг хүрчээ. Бүтээлүүдийг яаралтай авран хамгаалахгүй бол өдөр ирэх тусам бутарч унан гэмтэл нь ихсэж байгаа учраас энэ ажлыг идэвхжүүлэх зорилгоор тус олон улсын хөтөлбөрийг эхлүүлсэн гэдгийг Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа ярилаа.


Уран зураг үрчлүүлэх гэх энэхүү сонирхолтой хөтөлбөр нь дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд одоогоор олон улсад нийт 80 мянга гаруй хөтөлбөрт 100 гаруй бүтээл үрчилсэн байдаг аж.





Монголын Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа хэлэхдээ, “2009 онд гарсан гал түймрээс болоод нийт мянга гаруй уран бүтээл өртсөнөөс 300 гаруй нь өнөөдрийг хүртэл яг тэр сүйдсэн хэвээрээ хадгалагдаж байна. Тэдгээрийг харах бүрд сэтгэл маш их өмөрдөг. Бид өөрсдийн бололцоогоор урлагт хайртай хүмүүст хандаж гарц шийдэл эрэлхийлсэн нь 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Соёлын үнэт өвийг үрчлүүлэх” хөтөлбөр юм" гэдгийг онцлоод энэ хөтөлбөр нь урлагийн үнэ цэнийг ойлгодог хувь хүн, албан байгууллагад галд өртсөн бүтээлүүдийнхээ нэгийг үрчлүүлдэг гэдгийг тодотголоо.


Үрчлэлийн хугацаанд тухайн бүтээл Монголын Уран зургийн галерейд байршин хадгалагдсан хэвээр байх бөгөөд түүх, соёлын үнэт өвийг сэргээн засварлах ажлыг холбогдох хууль, журмын дагуу Соёлын өвийн үндэсний төв хариуцан гүйцэтгэдэг аж.


Тиймээс тухайн хүн үрчилж авсан бүтээлээ өөрийн хөрөнгөөр сэргээн засварлуулаад галерейн сан хөмрөгт эргүүлэн өгдөг. Харин үүнийхээ хариуд үрчлэгч тухайн зургийг “Merchandising” гэрээний дагуу 2-3 жил ашиглах эрхтэй болох юм.


Өөрөөр хэлбэл, гэрээний дагуу тухайн компани урлагийн үнэт өвийг өөрсдийн маркетинг, сурталчилгаа гэх мэт хэлбэрээр ашиглах эрхтэй. Мөн бид цаашид ч энэ чиглэлээр хувь хүн болон албан байгууллагуудтай хамтран ажиллана” гэлээ.


Ташрамд дурдахад, Монголын Уран зургийн галерейн хамт олон 2019 оноос шинэ менежментээр ажиллаж галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах чиглэлээр нэлээн хэдэн арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Түүний нэг нь “Уран бүтээл сэргээн бүтээлгэх” төслийг 2020 оноос санаачлан Соёлын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна. Уг төслийн хүрээнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн 1971 онд бүтээсэн Монголын тээврийн хөгжлийг харуулсан “Монгол транс” хэмээх бүтээлийг зураачаар өөрөөр нь дахин зуруулжээ.




Холбоотой мэдээ