Залуучуудын сэтгэлгээ, хандлагыг эерэгээр өөрчилнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-02-25 17:32:01

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аас  МҮХАҮТ-ын дэргэдэх залуус руу чиглэсэн “ЦойлогсоZ” төсөлтэй хамтран ажиллахаар болж, энэ сарын 23-ны өдөр цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд цаг үеийн мэдээллийг хүргэж, Увс аймагт тулгамдаж буй асуудлууд, тэр дундаа залуучуудын сэтгэлгээ, хандлагыг эерэгээр өөрчилж, хөдөлмөрийн зах зээлд гарах залуусыг чадавхжуулах хэрэгцээ, шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан бүс нутгийг хөгжүүлэх бодлогын хүрээнд хийж буй ажлууд болон цаг үеийн мэдээ мэдээлэл, залуус руу чиглэсэн үйл ажиллагааны чиглэл, санал зөвлөмжийг танилцууллаа. Тэрчлэн “ЦойлогсоZ” төслийн ахлагч Б.Батзориг тус төслийн хүрээнд хийсэн ажлуудын тайлан болон цаашид төлөвлөж буй стратегийн чиглэлүүдийг танилцуулан хамтран ажиллах боломж, саналыг дэвшүүлсэн юм.

Уулзалтын үр дүнд залуусын харилцаа холбоо, хамтын ажиллагааг дэмжиж чадавхжуулах замаар бизнесийн орчныг сайжруулах, цаашлаад олон талын хамтын ажиллагааг хангах, тогтвортой сүлжээг хөгжүүлэх, талуудын харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр анхны жишиг аймаг болж залуусын оролцоог нэмэгдүүлэн, хамтран ажиллахаар тогтлоо.

 Хөдөө орон нутаг, хот, олон улс дахь Монгол залуусын харилцаа холбоог өргөжүүлж, бие биенээсээ суралцаж, хамтран ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ олон улсын байгууллагуудтай хамтран бусад орны залуустай олон талаар холбоо тогтоон ажиллах суурь нөхцөл мөн бүрдэх аж.

 

Холбоотой мэдээ