Л.Солонго: Төрөх насны эмэгтэй хүн бүр ээж болох бэлтгэлээ хангах, мэдлэг ойлголтоо дээшлүүлэх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-03-07 10:01:53

Увс /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөөх үйлсэд мэдлэг, ур чадвараа зориулан ажиллаж байгаа залуу эмч нарын төлөөллийг онцолж байна. Энэ хүн бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Л.Солонго юм.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 2004 онд Улаангом сумын 1 дүгээр цогцолбор сургууль, 2010 онд Говь-Алтай аймаг дахь АУДС-ийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Улмаар Тэс сумын эрүүл мэндийн төвөөс ажлын гараагаа эхэлж байлаа. 2012-2014 онд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн резидентэд нарийн мэргэжил эзэмшээд 2015 оны 2-р сараас аймгийн Нэгдсэн эмнэлэгт Эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байна.

-Хүний их эмчийн мэргэжлээ яагаад эх барихын эмчээр солих болов?

-Анагаах ухааны дээд сургуульд хүний их эмчээр суралцаж байхдаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч болохыг хүсдэг байсан. Учир нь эх баригч хүн эх төрүүлэх, үзлэг, хагалгаа хийх, зөвлөгөө өгөх гээд тал бүрийн хүртээмжтэй үйлчилгээг үзүүлдэг болохоор илүү татагдсан байх.

Ер нь эмч болоход надад хамгийн их нөлөөлсөн хүн бол ээж маань юм. Миний ээж Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт насаараа сувилагчаар ажилласан, эрүүл мэндийн салбарт амьдралаа зориулсан чадварлаг хүн бий.

    Би арван жилдээ орос хэлний гүнзгий ангид суралцдаг, аймгийн олимпиадад байнга ордог байсан. Харин 10 дугаар ангид сурдаг жил ээж маань “Хоёр охиныхоо нэгийг заавал эмч болгоно” гээд химийн П.Амгалан багштай уулзсан. Химийн хичээлдээ сул, анхнаасаа бэлдээгүй болохоор хэцүү гэж байсан ч намайг давтлагад авсан байдаг. Хичээлээ тараад л химийн давтлагадаа сууна. Багш, бид хоёрын зүтгэлийн үр дүнд химийн хичээлийн ЭЕШ-д 500 гаруй хүүхдээс 16 жагсаж, Говь-Алтай аймаг дахь АУДС-ийн хүний их эмчийн ангийн хуваарь авч байсан.

   Мөн дээд сургуульдаа амжилттай суралцаж, сурлагын голч дүн өндөртэй гээд “Зориг сан”-гийн тэтгэлгийг 2 жил дараалан аваад баярлаж байлаа. Эргээд бодоход эмч хэмээх сайхан мэргэжил эзэмшихэд минь гол түлхэц болж, чиглүүлж өгсөн ээждээ, багшдаа баярладаг.

-Хөдөө суманд эмчээр ажиллах үед туршлага дутах зүйл гарч байв уу?

-Намайг Тэс суманд эмчээр очих үед насаараа эмэгтэйчүүдийн эмчээр ажилласан, Монгол Улсын Гавьяат эмч Р.Бадарч гуай ажлаа хүлээлгэж өгсөн. Эх барихын мэргэжил эзэмшээгүй байсныг хэлэх үү, бас чадварлаг эмчийн ажлыг авсан болохоор их л эмээдэг байлаа. Дуудлагаар очих үед зарим хүмүүс миний чадварт эргэлздэг байсан. Эмч юм уу гээд л гайхна. Мэдээж залуухан эмч, мөн шинэ төгсөгч болохоор мэдэхгүй зүйл их гарна. Их сургуульд уншиж судалсан мэдлэг, ажлын практик хоёр асар зөрүүтэй байдаг. Аль болох алдаа гаргахгүй, сумын хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэхээс гадна мэргэжлийн хүрээнд туршлагажих эрмэлзлэл тээдэг байлаа. 

    Нөхөр бид хоёр хамтдаа Тэс сумын Хүн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн. Хань минь их сайн эмч байсан. Бид хоёр Тэс суманд ажиллах хугацаандаа олон зүйлийг сурч мэдэж, сайхан ажилласан даа.

   Энд нэг дурсамж хэлэхэд, 2014 онд мал төллөлтийн үеэр эхийн дуудлага ирсэн. Зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл 7 дахь хүүхдээ хүлээж байсан. Эхээ амжилттай төрүүлээд сэтгэл уужирсан байдалтай гадна гартал мал төллөж байсан. Тэр үед тус гэр бүлийнхний баярын нулимстай зэрэгцэн төлийн дуу цангинаад хорвоогийн баяр баясал зэрэгцсэн сайхан өдөр байсан. Өнөөдрийг хүртэл санаанаас гардаггүй сайхан дурсамжуудын маань нэг тэр юм даа.

-Эмч хүн цаг ямагт ур чадвараа ахиулах шаардлагатай байдаг. Мэргэжлийн хүрээнд хэрхэн чадваржиж байв?

-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эх барих, эмэгтэйчүүдийн резидентэд сурч байхдаа багаараа төрөлжсөн нарийн мэргэжлээр үнэгүй сурах эрх авч байсан. Нэг гишүүн маань Солонгос улсад суралцах эрх авч байсан.

   Эх барихын курс төгссөний дараа 2016 онд ХСҮТ-д эмэгтэйчүүдийн хавдар судлаач эмчээр 8 сарын хугацаатай суралцсан. Мөн 2019 онд Япон улсад ЖАЙКА ОУ-ын байгууллагын дэмжлэгтэй прематаль тусламжийг багаар үзүүлэх сургалтад суралцаж байлаа. Сүүлд эмэгтэйчүүдийн ургийн эхоны 3 сарын курс төгссөн. Эх барихын эмчээр 8 дахь жилдээ ажиллаж байна. Энэ жил ахлахын зэргээ хамгаална.

-Анх удаа эх төрүүлэхдээ сандарч байв уу?

-Эх барихын эмч болохоосоо өмнө суманд хэд хэдэн удаа эх төрүүлээд үзчихсэн туршлагатай байсан. Эхэндээ “Би нээрээ эх төрүүлсэн гэж үү” гээд л бахархах сэтгэл төрж билээ. Ер нь бол хүүхэд эх барьж авахад маш гоё мэдрэмж төрдөг. Мөн эмчээ баярлалаа гэх үгийг сонсох нь сайхан байдаг. Манай мэргэжил эх, хүүхэд гээд хоёр хүний амийг хариуцдаг болохоор хариуцлага өндөртэй ч өрх бүрд аз жаргал бэлэглэдэг буянтай ажил. Хэдий ядарсан ч хэдхэн хормын дараа хүн бүрийн нүдэнд баясал тодроод ядарч байгаагаа мартчихдаг.

-Алсын дуудлагаар эх, хүүхдийг эндэгдэлгүй аварсан талаараа ярихгүй юу?

-Эх барихын эмч болсноос хойш багаараа болон дангаараа алсын дуудлагад байнга явах болсон. Хөдөө суманд эх цус алдсан, умайн гадуурх жирэмслэлт, төрж чадахгүй эх зэрэг өчнөөн эрсдэлтэй дуудлагад хүрч ажиллана. Нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг эх барихын 7 эмчтэй, мөн зөвлөх эмчээр Н.Шинэхүү эмч ажиллаж байна. Эмч нарынхаа заавар, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, зөвлөх эмч нарын шийдвэрээр цохолтоор алсын дуудлагад явна. Алсын дуудлагад хүрч ажиллах үед цаг агаарын олон хүндрэлийн улмаас зам саатах, даарах бэрхшээлийг биеэр мэдэрч байлаа.

   Хүний амьтай холбоотой дуудлага болохоор бэрхшээлийг тоохгүй, аль болох зорьсон газраа хурдан хүрэх гэж яардаг. 2016 оны 8-р сард Цагаанхайрхан суманд цус алдсан эхийн дуудлагад хүрч ажилласан. Биднийг очиход эх дотуур цус алдалттай, сэтгэл санаа тогтворгүй байсан. Ямартай ч эмч нарын баг дор бүрнээ хариуцлагатай ажиллаж, хүний алтан амийг авраад баяртай буцаж ирж байлаа. Тэр үед айж сандарсан ар гэрийнхэн нь залуу эмч бид нарт үл итгэсэн байдал ажиглагдаж байсан ч хагалгааны дараа гар бариад баярлалаа гэж билээ.

Хамгийн сүүлд 2021 оны 3-р сарын 13-ны 21 цагийн үед Өндөрхангай сумаас дуудлага аваад, 22 цагт аймгийн төвөөс гарсан. Шөнийн 2 цагт шороон шуурганы улмаас машины цонх хагарч, явах аргагүй болсон тул бид Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвөөс тусламж гуйсан. Мэс заслын багийг би ахлаад тавуулаа явсан. Хамгийн гол нь умайн гадуурх жирэмслэлт, дотуур цус алдалттай эх биднийг хүлээж байгаа гэж бодохоор их яарч, сандарч байсан.

   Тусламж хүссэн эмэгтэйн даралт унасан, арьс салст нь цонхийсон, дотуур цус алдалт ихтэй байсан. Мөн хэвлийд нь хоёр литр орчим цус алдсан байдалтай байв. Бид очсон даруйдаа донор олж, хагалгааны явцад цус сэлбэсэн. Цус алдсан хэсгийг нь барьж боогоод, хагалгаа ч амжилттай болсон. Ер нь алсын дуудлагаа амжилттай гүйцэтгээд сэтгэл өндөр инээлдээд буцах үеийн тэр мэдрэмж хамгийн сайхан байдаг.

-Саяхан Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан болсон. Хөдөлмөрөө үнэлүүлэх нь урам өгдөг шүү дээ?

-Эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, хөдөлмөрөө үнэлүүлэх нь хүн бүрд сайхан байдаг. Эмч хүнийн хувьд салбартаа үнэлэгдэж, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулсандаа баяртай байгаа. Цаашид илүү хичээх урам зоригийг өгсөн. Шагнал дагаж хариуцлага нэмэгддэг гэж ойлгодог. Хамт олныхоо итгэлийг алдахгүй байхыг хичээж байна. Энэ ташрамд үргэлж дэмждэг, зааж зөвлөдөг Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн хамт олондоо баярлаж, талархаж явдгаа хэлье. Мөн шинэ оны өмнөхөн “2021 оны онцлох залуу”-гаар тодорсон.

-Одоогоор хэчнээн хүүхдийн "Хүйн ээж" болоод байна бэ?

-Төрөх тасагт 6 дахь жилдээ ажиллахдаа 3000 орчим эх төрүүлээд байна. Энэ жилээс амбулаторийн эмчээр ажиллаж байгаа.

   Залуу эмч нарын хувьд мэргэжлийн туршлага дутах, алдаа гаргах үе гарна. Тэр бүрт шантралгүй, эмч, сувилагч нартайгаа баг болж ажилладаг. Мөн аль болох алдаагаа давтахгүй байх, бас хүмүүсийг гомдоохгүй, өвдөж зовсон эхтэй эелдэг харьцахыг хичээдэг. Ажлын ачааллаас болоод ядрах үе байдаг ч ажлаас хойш суудаггүй. Дуртай ажлаа хийж байгаа болохоор хүмүүсээс талархлын үг сонсох төдийд л сайхан энерги авч, эрч хүчтэй болдог.

-Чадварлаг эмч нарт ажлын санал их ирдэг байх даа?

-Өөрийгөө мундаг эмч гэж хэлэхгүй, эмч хүн насан туршдаа суралцдаг. Анагаах ухааны хөгжлөөс хоцрохгүйн тулд алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Чадварыг минь үнэлээд зарим эмч, багш нар маань хотод ажиллах санал тавьж байсан. Миний хувьд орон нутгийнхаа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүйн боловсролын төлөө мэдлэг, чадвараа зориулахыг хичээдэг. Эмэгтэй хүн бүрийг өөрийн ээж, эгч, дүү шигээ санаж хэрэгцээт тусламж, зөвлөгөө өгч ирсэн.

-Эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолдож буй эрүүл мэндийн тулгамдсан асуудлын тухайд?

-Манай аймагт охидын жирэмслэлт нэмэгдэж байна. Мөн умайн хүзүүний хавдар хожуу шатанд оношлогдож байна. Төрөх насны эмэгтэй хүн бүр жирэмслэлтээс өмнөх үеийн эрүүл мэндээ бэлдэх, ээж болох бэлтгэлээ хангах, мэдлэг ойлголтоо дээшлүүлэх нь чухал. Орчин үед мэргэжлийн эмчид биечлэн очих боломжгүй бол энэ төрлийн мэдээллийг цахимаар авах боломж бүрдсэн. Ер нь эхчүүд маань хөл хүнд үеийн хооллолтын зөвлөгөө дутмагаас том жинтэй хүүхэд тээх нь төрөлтийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал 3 болон 3,8 кг жинтэй хүүхэд төрүүлэхэд асар их ялгаа бий. Тухайн хүний тээлт, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан анхлан төрөгч нар дүлж чадахгүй, төрж чадахгүй тохиолдол гардаг. Аль болох төрөлтийг зөв удирдахыг хичээдэг. Эх баригч хүн хурдан хугацаанд зөв шийдвэр гаргаж ажиллах хэрэгтэй.

Цаашид өөрийгөө чадваржуулах, эх барих, эмэгтэйчүүдийн тусламжийг илүү чанартай, хүртээмжтэй хүргэх талд дээр анхаарч ажиллана. Өмнө нь хосуудад зориулсан эрүүл мэнд, зөв дадлын сургалт хийдэг байсан. Үүнийгээ үргэлжлүүлэн аймагтаа иж бүрэн сургалтын орчныг бүрдүүлэн ажиллахыг мөрөөддөг.

    Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасаг сүүлийн 11 жилийн хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллаж байна. Манай хамт олон гар нийлсэн, сайхан хамт олон байдаг. Эрүүл мэндийн салбарын 100 жилийн ойгоор Зөвлөх эмч Д.Өнөрцэцэг маань Монгол Улсын Гавъяат Эмч хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнд бид бүхэн баяртай байгаа.

   Энэ ташрамд Увс аймгийнхаа нийт эмэгтэйчүүдэд Мартын 8-ны баярын мэндийг хүргэж, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ