ЭМГЭНЭЛ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarantsetseg@montsame.mn
2022-03-07 14:02:32

ЭМГЭНЭЛ

ДАНЗАНХҮҮГИЙН МИШИГСҮРЭН

(1977-2022)

Бидний хамтран зүтгэгч, дотны нөхөр, сэтгүүлч, яруу найрагч, МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч Данзанхүүгийн Мишигсүрэн 2022 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд хүнд гарз тохиолоо.

Д.Мишигсүрэн нь 1977 онд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрж, 1985-1993 онд Ханхонгор сумын дунд сургууль, 1993-1995 онд Даланзадгад сумын нэгдүгээр 10 жилийн дунд сургуулийг тус тус төгсөж, улмаар Монголын Хэвлэлийн хүрээлэнд 2007-2008 онд суралцан сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн юм.

Тэрбээр 2007 оноос хойш сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажилласан бөгөөд 2007-2013 онд “Монгол говь” сонинд сурвалжлагч, 2009 оноос МҮОНР-гийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч, 2013 оноос “Говийн өнгө төрх” сониныг үүсгэн байгуулж, эрхлэгч,  сурвалжлагчаар ажиллаж байв.

Д.Мишигсүрэн нь 2016 оноос МОНЦАМЭ агентлагийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагчаар ажиллаж, аймаг орон нутгийнхаа мэдээ мэдээллийг улс орон даяар мэдээлэх хүндтэй үүргийг нэр төртэй гүйцэтгэж байсан манай хамт олны дундах тэргүүний сэтгүүлчдийн нэг байв. Мөн төрж өссөн нутаг орноо байгаль, экологийн гамшигт нэрвэгдүүлэхгүйн төлөө тууштай тэмцэж, сэтгүүл зүйн бүтээлийнхээ олонхыг зориулсан иргэний нийгмийн зүтгэлтэн байлаа.

Д.Мишигсүрэн нь сэтгүүлчээр ажиллахын зэрэгцээ хүүхэд байхаас уран зохиол сонирхон бичиж “Саранд би хүслээ шивнэсэн”, “Ертөнцийн өнгө”, “Ер бусын ертөнц” зэрэг шүлэг, яруу найргийн номоо уншигч олноо толилуулсан уран бүтээлч байв.

Д.Мишигсүрэнгийн хөдөлмөр зүтгэл, авьяас, уран бүтээлийн амжилтыг төр засаг, салбарын байгууллагууд өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн “Ган үзэгтэн”, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, БОАЖЯ-ны “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна.

Бидний эрхэм нөхөр, хамтран зүтгэгч Д.Мишигсүрэнгийн ажилсаг хичээнгүй, бүтээлч-манлайлагч, нөхөрсөг, хүнлэг энэрэнгүй зан чанар бид бүхний сэтгэлд үүрд мөнх дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНЦАМЭ агентлагийн хамт олон

Холбоотой мэдээ