"Бүрэн төгс эв нэгдэл": НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр удирдагчдын хэлсэн үгс
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /BBC/. Пүрэв гарагт Бельгийн хамгийн том хот бөгөөд Европын Холбооны засаг захиргааны төв Брюссельд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт боллоо. Уулзалтын үеэр эвслийн орнуудын удирдагчид Украины эсрэг ОХУ-ын довтолгооны хариуд авч буй арга хэмжээний талаар тухайлбал, Украинд цаашид хэрхэн туслах, Европ болон дэлхийн аюулгүй байдлын тогтолцоо ойрын ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх талаар хэлэлцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нарын дээд хэмжээний уулзалтад хэлсэн үгнүүдээс хамгийн чухал хэсгүүдийг ВВС агентлаг түүвэрлэснийг хүргэж байна.
Ж.Байден: Бүрэн төгс эв нэгдэл
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Брюссельд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОХУ-ыг “Хорийн бүлэг”-ээс /G20/ хасах санаачилгыг дэмжлээ.
“Миний хариулт бол тийм, шийдвэрийг “Хорийн бүлэг” гаргана” гэж Байден сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна.
Үүнээс гадна, Байден ОХУ-ыг хасаж чадахгүй тохиолдолд Украиныг “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад урихыг санал болгожээ.
"Хэрэв Оросыг хасаж чадахгүй бол Хэрэв Индонез /G20-ийг даргалж байгаа/ болон бусад орнууд санал нийлэхгүй бол миний бодлоор Украин мөн эдгээр уулзалтад оролцох шаардлагатай гэсэн асуудлыг би тавьсан" гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.
Байдены хэлсэн үгийн ихэнх хэсэг нь эвслийн орнуудад эвлэлдэн нэгдэхийг уриалсан уриалга байв. "Путин НАТО-г хуваагдана гэж бодсон. Түүнтэй хийсэн ярианаас харахад тэр биднийг эв нэгдэлтэй хэвээр үлдэнэ гэж бодоогүй нь тодорхой байсан. Тэрбээр довтолгоог эхлүүлэхдээ бодож байснаас яг эсрэгээрээ болсон. НАТО-гийн орнууд өнөөдөр урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр нэгдмэл байна" гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлэв.
Оросын Ерөнхийлөгчийг тогтоон барихын тулд юу хийх хэрэгтэй вэ гэсэн асуултын хариуд Байден хориг арга хэмжээ үр дүнд хүрнэ гэж найдаж байна гэжээ.
Б.Жонсон: Украины Зэвсэгт хүчинд илүү их зэвсэг нийлүүлнэ
Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн бага хурлынхаа үеэр НАТО-гийн орнууд Украиныг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд "чанартай, зохих тоо хэмжээний" зэвсгээр хангахад хэцүү байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр нөхцөл байдлын талаарх үнэлгээтэй нь санал нэг байгаа Их Британи болон НАТО-гийн холбоотон орнууд Украинд нийлүүлэх зэвсгийн хэмжээгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлнэ гэж амлав. Их Британи Украины Зэвсэгт хүчинд бусад зэр зэвсгээс гадна нэмж 6000 пуужин нийлүүлэх юм.
Үүний зэрэгцээ Жонсон Орост үзүүлэх хориг арга хэмжээний шахалтаа нэмэгдүүлэхийг уриалаад, мянга гаруй хувь хүн, компани Их Британийн хоригт өртсөнийг онцолжээ.
“Энэ бол зөвхөн эхлэл. "Бид Путинд Украин ганцаараа биш гэдгийг ойлгуулахыг хүсэж байна. Бид Киев, Мариуполь, Львов, Донецкийн ард түмнийг дэмжиж байна" гэж Жонсон хэлээд "Ерөнхийлөгч Зеленский өөрөө хэлсэнчлэн Украины ард түмэн ялж, Путин ялагдах ёстой" гэж нэмж хэлэв.
Украинд НАТО-гийн танк, нисэх онгоцуудыг нийлүүлэх тухай Владимир Зеленскийн хүсэлтийг биелүүлэх нь ложистикийн хувьд хэцүү байх болно гэж Жонсон хэлжээ.
Жонсон мөн Путиний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков түүнийг "Өрнөд дэх Оросын эсрэг уралдаанд хамгийн идэвхтэй оролцогч" гэж мэдэгдсэнд тайлбар хийв.
“Огт үгүй. зөвхөн би ч биш. Магадгүй би Борис нэртэй Их Британийн анхны Ерөнхий сайд байх гэж бодож байна" гэж Жонсон хэлжээ.
"Гэхдээ одоо Оросыг удирдаж байгаа Владимир Путиний хийж байгаа зүйл бол гамшиг бөгөөд түүний Украин руу хийсэн довтолгоо нь хүнлэг бус, балмад явдал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрч байгаа гэж бодож байна" гэж Их Британийн Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.
Столтенберг: Путин алдаа гаргасан
"Ерөнхийлөгч Путин бие даасан, тусгаар тогтносон үндэстний эсрэг дайн эхлүүлж том алдаа гаргасан. Тэрбээр Украины ард түмний хүч чадал, Украины ард түмэн, Зэвсэгт хүчний эр зоригийг дутуу үнэлж, түүний бодож байснаас хамаагүй хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг эвслийн орнуудын удирдагчдад хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ, Оросын түрэмгийлэл нь Европ дахь цэргийн тогтоон барих тогтолцоог урт хугацаанд дорвитой шинэчлэх шаардлагатай болж магадгүйг харуулж байгаа бөгөөд одоогийн дээд хэмжээний уулзалтаар энэхүү тогтолцооны суурийг тавьж байна гэв.
"Үнэн хэрэгтээ бид энэ үеийнхээ аюулгүй байдлын хамгийн том хямралтай тулгараад байна" гэж тэрбээр хэллээ.
"Өнөөдрийн уулзалт энэ хямралын үед Европ, Хойд Америкийг нэгтгэхийн ач холбогдлыг харуулах болно. Бид бол дэлхийн хамгийн хүчтэй эвсэл бөгөөд хамтдаа байвал аюулгүй" гэж Ерөнхий нарийн бичгийн дарга нэмж хэлэв.
Столтенберг мөн НАТО-гийн хүчнийхэн дайнд оролцохоор төлөвлөөгүй гэдгийг тусад нь цохон тэмдэглэжээ.
"Бид Украиныг пуужингийн довтолгооноос хамгаалах дэвшилтэт систем, танк эсэргүүцэх зэвсэг, сум, түлшээр хангаж байна. Холбоотнууд Украиныг янз бүрийн чиглэлээр дэмжиж байна. Гэсэн хэдий ч бид НАТО-гийн цэргийн хүчийг газраар эсвэл агаараар мөргөлдөөнд оролцуулахгүй гэдгээ тодорхой хэлэх ёстой. Энэхүү шийдвэрийг бид үүнээс ч их зовлон, үхэл, сүйрэлд хүргэхгүйн тулд энэ мөргөлдөөнийг Украины нутаг дэвсгэрээс халиулахгүй байх үүрэг хариуцлага хүлээсэнтэй холбоотойгоор гаргасан" гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.