Сум, байгууллага бүр мод тарих хариуцлагын гэрээ байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-28 19:21:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал сумдын Засаг дарга нартай “Тэрбум мод ургуулах үндэсний хөдөлгөөн”-ийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгуулж, үр дүнтэй ажиллаж байна гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Манай аймаг өнгөрсөн хоёрдугаар сард аймгийн ойн салбарынхны зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөнд 24 сумын Засаг дарга, байгаль хамгаалагчид, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн анги, Түдэвтэй сум дахь сум дундын ойн анги, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Идэр голын сав газрын захиргаа, ойн мэргэжлийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн оролцсон. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн илтгэл, оролцогчдын дэвшүүлсэн саналыг нэгтгэн зөвлөмж гаргасан. Тус зөвлөмжийн дагуу сум, байгууллага, иргэн бүр тэрбум мод хөдөлгөөнд нэгдэж үр дүнтэй ажиллаж байна.

Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг найман хувьд хүргэнэ

Завхан аймаг 10 жилийн хугацаанд 25 сая мод тарьж ургуулахаар болсон.

Тиймээс ойн салбарынхны зөвлөгөөнөөс зөвлөмж гарган ажиллаж байна. Зөвлөмжийн дагуу мод тарих газар нутгийн судалгаа хийж, стратеги үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж шаардлагатай төсөв санхүүжилтийн бодит тооцоолол гарган ажиллаж байна. Мөн зөвлөмжид аймаг, суманд мод тарихад зориулж жил бүр орон нутгийн төсвийн таваас доошгүй хувийн төсвийг мод тарихад зориулна. Мод тарьж ургуулах иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын санал, санаачилгыг дэмжих урамшууллын механизм, эдийн засгийн хөшүүрэг бий болгох. Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний үр дүнд аймгийн ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг найман хувьд хүргэх. Нэн хүчтэй цөлжсөн газрын хэмжээг тодорхой хэмжээгээр бууруулах. Аймаг, сумын хэмжээнд мод тарих талбайн хэмжээ, газрын байршлыг газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгахаар болсон байна. Түүнчлэн ойжуулалт нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын тоог үе шаттай нэмэгдүүлэх. Гадаад, дотоодын томоохон төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллах, боломжтой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх. Ойн салбарын мэргэжилтэн бэлтгэх сургалт үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуульд орон нутгийн ойн мэргэжлийн байгууллагын ажилчдыг хамруулж мэргэжилтэй ажилчдыг тоог нэмэгдүүлэх. “1000 сургагч багш бэлтгэх” хөтөлбөрт сум, бүрт гурваас доошгүй ойжуулагч байхаар тооцож, 2022 онд сургалтад хамруулж мэргэжилтэй ажилчдын тоог нэмэгдүүлэхээр боллоо.



Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг ашиглалтын төлбөрөөс чөлөөлнө

"Тэрбум мод" хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд модны үрийн нөөц бэлтгэнэ. Ингэхдээ ойн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн мод үржүүлгийн газрыг бий болгож үрийн нөөцийг нэмэгдүүлэх. Мод үржүүлгийн зориулалтаар ашиглаж байгаа газрыг газар ашиглалтын төлбөрөөс чөлөөлөхөөр болсон. Үрийн нөөцийг жилд 500 кг, жилд ургуулах тарьц, суулгацын хүчин чадлыг 2500,000-5000,000 сая ширхэгт хүргэх. Шинээр мод үржүүлж буй иргэн аж ахуйн нэгжид газар олголтыг нэмэгдүүлнэ. Мод үржүүлгийн газруудын үйл ажиллагаанд жил бүр болзолт уралдаан зарлаж дүгнэн урамшуулна. Сайн чанарын үр бэлтгэх байнгын болон түр үрийн талбай тусгаарлана, үрийн плантаци байгуулна. Хур тунадас, уулын уруйн ус, шар усны ус болон илүүдэл урсац хуримтлуулах, усны нэмэлт эх үүсвэрийг ус, чийг дутмаг газруудад бүрдүүлэх далан, хаалтын системийн сүлжээг нэмэх. Монгол орны байгалийн ялгавартай бүс нутгуудад цөлжилт, газрын доройтлыг урт хугацаанд судлах судалгааны төв байгуулж, технологи, инновац үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.


Цөлжилт, газрын доройтлыг бууруулахад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана

Завхан аймаг уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ажлыг тэрбум мод хөтөлбөртэй уялдуулан ажиллахаар болсон.

Тухайлбал, цөлжилт, газрын доройтлын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор улсуудтай хамтран ажиллах, туршлага судлах. Ногоон байгууламжийн асуудлыг хот суурин газрын төлөвлөлт, хөгжлийн хэтийн төлөвтэй уялдуулан зураг төслийн дагуу хөгжүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна. Мөн өрх бүр хашаандаа мод тарих аяныг зохион байгуулж, иргэдийг урамшуулна. Аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн газрынхаа 10-аас доошгүй хувьд ногоон байгууламж бий болгож мод бут заавал тарина. Мод тарих ажлын сайн туршлага инновацыг судалж нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлах ажлыг энэ оноос эхлэн эрчимтэй хийхээр боллоо гэж аймгийн БОАЖГ-аас тус тус мэдээлэв.  



Холбоотой мэдээ