ЗАВХАН: Хортон шавж устгах хор цацсан талбайд 14 хоног мал бэлчээхгүй, аялж зугаалахгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-25 16:08:03

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг, Алдархаан, Идэр, Тэлмэн, Сонгино, Түдэвтэй, Цэцэн-Уул сумын нутагт үүргийн болон агаарын шүршигч төхөөрөмжөөр ойн хөнөөлт шавжийн эсрэг бэлдмэл цацаж байна. 

Хор цацсанаас хойш 14 хоногийн хугацаанд ойн бүсэд аялаж зугаалах, малаа бэлчээхгүй байх, жимс, мөөг, эмийн ургамал түүхийг хориглодог. Тиймээс байгаль хамгаалагчид ард иргэдэд зөвлөмж сануулга хүргэн ажиллаж байна. Тухайн бүс нутгийнхан, малчид болон аялал зугаалгаар явж буй иргэдэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг холбогдох байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байгаа юм. 


Энэ онд улсын хэмжээнд 16 аймгийн 87 сумын 247 мянган га ойн санд хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийхээр төлөвлөсний хүрээнд Завхан аймгийн 11 сумын 22 мянган га талбайд хортон шавж устгалын ажил ийнхүү ид өрнөж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас дээрх ажилд 680 сая төгрөг зарцуулахаар төсөвлөжээ. 


Түүнчлэн ойн хөнөөлт шавж, өвчний тархалт, голомтыг тогтоох судалгааны баг энэ долоо хоногт Завхан аймагт ажиллана.


Үүргийн шүршигч ашиглан хор цацаж байна


Завхан аймгийн хортон шавжид идэгдсэн ой 

Холбоотой мэдээ