ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022: Шатахууны үнэ тодорхой хэмжээнд буух магадлалтай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-07 16:29:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022” “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” нэгдсэн хуралдаанаар үргэлжиллээ.


Монгол Улс эрүүл мэндийн салбар, эдийн засгийн салбартаа харьцангуй бага эрсдэлтэйгээр “КОВИД-19” цар тахлыг давж байгаа. Харин геополитикийн тооцоолшгүй асуудал Монгол Улсын эдийн засагт шууд нөлөөлж байгааг Сангийн сайд Б.Жавхлан хуралдааны эхэнд хэллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нь аж үйлдвэрийн бус гадаад худалдааны эдийн засагтай. Тийм ч учраас дэлхий нийтэд үүсэж буй шок Монголд хүчтэй нөлөөлж байгаа юм. ОХУ-аас шатахуунаа авдаг бөгөөд гадаад худалдааны алдагдалтай. Үүнийгээ БНХАУ руу гаргадаг эскпортын бүтээгдэхүүний ашгаараа нөхөж блансаа тэнцүүлдэг байна. Монгол Улс ОХУ-аас авдаг шатахууны үнэд нөлөөлж чадахгүй бөгөөд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн БНХАУ руу бүтээгдэхүүн экспортлох боломж хязгаарлагдмал байгаа тул богино хугацаанд валютын нөөцийн хямралд орж байгаа юм. Энэ нь эдийн засгийн бусад салбарт хүчтэй нөлөөлж байгааг Сангийн сайд мөн онцлов.


Дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа. Хил гааль чөлөөтэй болох л юм бол эдийн засгаа 2-3 сарын дотор тогтворжуулах боломжтой хэмээн УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар дурдлаа. Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхдээ бүх зүйлийг нарийн төлөвлөж, уул уурхайгаас орж ирж буй ашгаа хэрхэн хуримтлуулах, төрийг хэт данхгар бүтэцтэй болгохгүй байхад анхаарах ёстой. Монгол Улсын гадаад худалдаа 900 сая ам.долларын алдагдалтай байгаа. Үүнийг нөхөх валютыг олох хэрэгтэй” гэв.


Монгол Улсын шатахууны үнийн 10 хувийг импортлогч компаниудын зардал бүрдүүлдэг бол 15 хувийг онцгой, нэмүү өртгийн болон гаалийн татвар эзэлдэг байна. Үлдсэн хэсэг нь Роснефть зэрэг компанийн өөрийн үнэ байдаг гэдгийг Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Мөнхнаран танилцууллаа.


Шатахуун импортлогч нар 10 хувьд ногдож буй зардлыг сүүлийн таван жилд огт нэмээгүй байна. Харин 15 хувийг татварыг бууруулах эрх Засгийн газарт ирвэл үүнд зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцлов. Харин шатахуун үйлдвэрлэгчдийн үнэ сүүлийн 2 жилийн хугацаанд нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, 2020 оны зургаадугаар сард нэг тонн газрын тос 200 ам.доллар байсан бол одоо 1050 ам.доллар болжээ. Гэхдээ одоогийн үнийн шок богино хугацааных бөгөөд энэ онд багтан тодорхой хэмжээнд буух магадлалтай гэдгийг Ж.Мөнхнаран онцлов. 


Монгол төгрөгийн гүйлгээ хэвийн байгаа боловч гадаад төлбөр тооцооны хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин буурчээ. Энэ нь коронавирус болон ОХУ, Украины асуудалтай холбоотой хэмээн үзэж буйгаа ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа дурдлаа.


Монгол Улс өнгөрсөн оны сүүлд 4.3 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсан. Гэвч энэ оны эхний хоёр сард төлбөрийн тэнцэл 570 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Валютын нөөцийг нэмэх цор ганц арга нь алтны нөөцийг бүрдүүлэх бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд тодорхой зохицуулалт тусгасан гэдгийг ҮСХ-ны дарга Б.Батдаваа онцлов. Мөн тэрбээр гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, худалдааны санхүүжилтийг богино хугацаанд босгоход анхаарч ажиллах шаардлага тулгарч байна гэлээ.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Монгол Улс энэ оны нэг, хоёрдугаар сард гадаад худалдааны алдагдал хүлээсэн. Энэ алдагдалд оны төгсгөлд хэд хүрэх вэ гэдгийг тооцоолж байгаа. Анх тооцоолол гаргаж байхдаа энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл хүндрэлтэй байна гэсэн төсөөлөл гарч байсан. Валютын ханшийн огцом савлагаанд болгоомжтой хандах зайлшгүй шаардлагатай учраас Монголбанк арилжааны банкуудад нийлүүлдэг валютын хэмжээг багасгасан. Бид валютын хомсдол үүсэж байгаа нөхцөл байдлыг богино хугацаанд залруулах талаар судалгаа хийж, арилжааны банкуудын удирдлагуудтай уулзсан.

Энэ үед банкууд 700-800 сая ам.доллар оруулж ирэх боломж байгаа гэдгийг хэлсэн. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудтай уулзахад бүтээгдэхүүн экспортынхоо төлбөр тооцоог урьдчилан авах боломж байгаа эсэхийг тодруулсан. Тэгэхэд “Оюутолгой” гэхэд л 400 сая ам.доллар, “Эрдэнэт үйлдвэр”-т 200 сая ам.доллар, Эрдэнэс Тавантолгой” 300 сая ам.долларын боломж байгаа гэсэн. Тэгэхээр бид яг энэ төвөгтэй цаг үед үүнийг урьдчилж авах нь зөв гэж үзсэн” гэв.


“Монголын эдийн засгийн чуулган-2022” “Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” хуралдаанаар үргэлжилж байна.

Холбоотой мэдээ