ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМ 2022 : Уул уурхайн салбарт төр хувийн хэвшилтэй өрсөлддөг тогтолцооноос гарах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-08 13:21:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын Уул уурхай: Олборлолтоос боловсруулалт руу салбар хэлэлцүүлэг боллоо.


Уул уурхайн салбарын орлого Монгол Улсын ДБН, төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг. Уул уурхай, эрдэс баялгийн салбар тэр дундаа баяжуулах, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалт татах хамгийн эхний алхам бол хууль тогтвортой, ойлгомжтой асуудал гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэллээ.


Тэрбээр, “Уул уурхай бол асар хариуцлагатай салбар. Мөн хамгийн их хөрөнгө оруулалт татах боломжтой, хувийн хэвшлийг хөгжүүлэх боломжтой энэ салбарт зах зээлийн эдийн засгийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Төр нь хувийн хэвшилтэйгээ өрсөлддөггүй байх суурь зарчим хэрэгжүүлэх ёстой. Түүнчлэн шүүх засаглал хувийн хэвшлийн өмчийг булаадаггүй байх ёстой юм.

Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд УУХҮЯ-наас Ашигт малтмалын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ төсөлд эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудлыг тусгах нь хамгийн чухал.

Анх Ашигт малтмалын тухай хуулийг баталж байхад тусгай зөвшөөрлийг цуцлах 4-5 үндэслэл л байсан бол явцын дунд 14-15 болсон. Ийм нөхцөлд хувийн өмчийг дээдлэх боломж байхгүй. Энэ асуудлыг хуулийн шинэчилсэн найруулгаар засах ёстой. Түүнчлэн Монголын төр эрдэс баялгийн салбараа хэрхэн ашиглах, стратегийн орд, төрийн эзэмшлийн асуудалд менежментийн өөрчлөх хийх нь зөв. Тодруулбал, өөрөө хөгжих боломжтой энэ салбарт хувийн хэвшилтэй төр өрсөлддөг тогтолцооноос гарах хэрэгтэй” гэлээ.


Засгийн газраас уул уурхайн салбарыг олборлолт, боловсруулал, хуваарилалт гэсэн үндсэн гурван хэсэгт салган үзэж буй. Монгол Улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилий ой энэ онд тохиож байгаа юм. Энэ хугацаанд хайгуул, ашиглалт маш сайн хөгжсөн. Одоо хуваарилалт гэсэн шинэ зүйл гарч ирж байгаа гэдгийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд байгалийн баялаг иргэн бүрийн өмч гэсэн агуулгатай заалт орсон. Байгалийн баялгийг одоо болон ирээдүйн иргэдэд тэгш хүргэхийн тулд баялгаа олборлоод түүнийгээ боловсруулж, өртөг шингээж, ажлын байр бий болгож ахиухан нэмүү өртгийг монголдоо үлдээж, ил тод, нээлттэйгээр борлуулах хэрэгтэй. Борлуулж олсон мөнгөө одоогийн болон ирээдүйн иргэн бүрд хүргэх нь Засгийн газрын бодлого гэдгийг салбарын сайд онцолсон. Монгол Улсад ашигт малтмалыг боловсруулахтай холбоотой тодорхой хууль байхгүй тул Хүнд үйлдвэрийн тухай хуулиар, борлуулалтаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулиар, хуваарилалтаа Үндэсний баялгийн сангаар зохицуулахаар төлөвлөсөн байна.


Оюутолгой төслийн ил уурхайн үйл ажиллагаа тогтвортой байгаа бөгөөд энэ онд 110-150 мянган тонн зэс, 115-165 мянган унц алт олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгааг “Оюу толгой” ХХК-ийн Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн танилцууллаа.

Харин энэ оны нэгдүгээр сард тэсэлгээ хийснээр гүний уурхайн ажлыг эхлүүлсэн. Гүний уурхайн үйл ажиллагаа 2023 оны эхний хагас жилд жигдэрч, тогтвортой үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаа аж. “Оюу толгой” ХХК энэ онд үйл ажиллагаандаа 800-900 сая ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа юм. Харин ил уурхайд 170-200 сая ам.доллар, гүний уурхайн бүтээн байгуулалтад 1.2-1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байгаа аж.

“Уэйр Минералс” групп 1990 оноос хойш Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй юм. Анх тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2013 онд дотоодод бүртгэлтэй компани байгуулснаар үйлдвэр, хүний нөөцийн үйлчилгээ үзүүлэхээс гадна “Оюутолгой төсөл”-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгааг тус компанийн Зүүн өмнөд болон хойд Ази хариуцсан захирал Кемпбэлл Стюарт дурдлаа.


Тэрбээр, “Аливаа улс оронд үйл ажиллагаа явуулахад хууль тогтоомж, дотоодын зохицуулалтыг ойлгоход ихээхэн судалгаа шаардагддаг. Гэхдээ Монгол Улсад хөрөнгө оруулалтын орчин муу, сөрөг зүйл их байсан бол бид үйл ажиллагаа явуулахгүй байсан” хэмээв.

Холбоотой мэдээ