Өлзийт сумынхан инженерийн шугам сүлжээтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-02 15:00:32

Дундговь аймгийн Өлзийт суманд өнгөрсөн оны дундаас эхлэн “Шинэ сум” төсөл хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар сумын төвд цэвэр усны 2.2, дулаан болон бохир усны 1.7 км шугам сүлжээ суурилуулж, цэвэрлэх байгууламж, уурын зуух, халуун усны газар, цэвэр усны байгууламжийг барьж дуусгажээ.

Инженерийн шугам сүлжээнд одоогоор байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх нийлсэн 37 объект холбосон. Өнөөдөр шугам сүлжээгээр ус гүйлгэж туршиж байна. Ирэх долоо хоногт халаалт дулаанаа авч эхэлнэ гэж сумын ИТХ- ын дарга Х.Отгонмөнх хэллээ.

Тус сумын төвд хэрэгжүүлж байгаа “Шинэ сум” төсөл нийт 5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Үүнээс 3.7 тэрбум төгрөгийн ажлыг өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн нь энэ бөгөөд үлдэгдэл 1.3 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт багтаахаар Засгийн газар шийдсэн юм байна. Энэ хөрөнгөөр ирэх онд сумын төвд хатуу хучилттай зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламжийг хийх ажээ.

“Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр “Санжат” ХХК ажиллаж, эхний бүтээн байгуулалтаа ийнхүү хүлээлгэн өгөхөөр зэхэж  байна.

Дулааны эрчим хүчээр хангаж ажиллах  “Ган- Илч” ХХК ч үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд