Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-04-25 15:12:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, ХАА-н аттеше Изабелль Смектала нарыг хүлээн авч уулзлаа.


Сайд З.Мэндсайхан энэ үеэр хүнсний органик “Монгол бренд” бий болгон Европын зах зээлд гаргах хүсэлтэй байгаа тул хүнс, хөдөө аж ахуйн салбарт евро стандартыг нэвтрүүлэхэд Францаас техник туслалцаа авах, БНФУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын экспортын зээлийн хүрээнд эрчимжсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжих боломжийг судлах, Францын Клермон-Феррон хотод 10 дугаар сард зохион байгуулдаг “Сомме дэ Элваж” мал аж ахуйн салбарын уулзалт, олон улсын үзэсгэлэнд Монгол Улс зочноор оролцохыг дэмжих зэрэг санал, хүсэлтэйгээ илэрхийлэв. 


Францын элчин сайд санал хүсэлтийг нааштай хүлээн авч, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ.

Мөн Монгол Улсын ХХААХҮЯ, Францын ХААЯ хоорондын “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар болов. Санамж бичгийн төслийг хоёр тал харилцан ярилцаж, 10 дугаар сард болох үзэсгэлэнгийн үеэр гарын үсэг зурахаар шийдвэрлэлээ.

Холбоотой мэдээ