Цахим гэмт хэргийн улмаас 32 иргэнд 186.8 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2022-04-26 09:44:29

Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Х.Энхтуултай сүүлийн үед бидний ярилцах сэдэв болсон “Цахим гэмт хэргийн гаралт шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийн талаар ярилцлаа.


-Цахим гэмт хэргийн гаралт манай аймагт хэр байгаа вэ? Саяхан танайх энэ талаар судалгаа хийсэн гэсэн?

-Аймгийн Прокурорын газрын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу цахим хэлбэрээр залилах гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, түүнд нөлөөлсөн шалтгаан нөхцөлд 2020, 2021 он, 2022 оны 2 дугаар сарын байдлаар судалгаа хийсэн.

Аймгийн хэмжээнд 2020 онд нийт хэрэг бүртгэлийн 420 хэрэгт, мөрдөн байцаалтын 213 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 8 хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг байх ба үүнээс 4 хэрэг буюу 50 хувь нь цахим хэлбэрээр залилсан хэрэг байсан.  

2021 онд хэрэг бүртгэлтийн 385, мөрдөн байцаалтын 216 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 23 хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг байх ба үүнээс 18 хэрэг буюу 78.2 хувь нь цахим хэлбэрээр залилсан хэрэг байна. Энэ оны 2 дугаар сарын байдлаар хэрэг бүртгэлтийн 251, мөрдөн байцаалтын 53 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 12 хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг байх ба үүнээс 9 хэрэг буюу 75 хувь нь цахим хэлбэрээр залилсан хэрэг гарсан байна.

Дээрх тоон мэдээг нэгтгэж үзэхэд, манай аймгийн хэмжээнд цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг 2020 онд 4, 2021 онд 18 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 14 буюу 2.8 дахин өссөн, энэ оны 2 дугаар сарын байдлаар 9 гэмт хэрэг бүртгэгдсэн нь энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх төлөвтэй байгааг харуулж байна.

-Цахим гэмт хэрэг нэмэгдэж байгаагийн гол шалтгаан юу вэ?

-Судалгааны дүнгээс үзэхэд техник технологийн хөгжлийг дагаад нийгмийн бүхий л харилцаа цахим хэлбэрт шилжиж байгаатай холбоотойгоор энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. Мөн түүнчлэн цар тахал, хорио цээрийн үед цахим худалдаа нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ гэмт хэргийн гаралт ихэссэн гэж үзэж байгаа.

-Цахим гэмт хэрэг нь нийгмийн мэдээллийн аль сүлжээг ихэвчлэн ашиглаж, ямар арга хэлбэрээр үйлдэгдэж  байна вэ?

-Ихэвчлэн фэйсбүүк ашиглаж залилсан гэмт хэрэг бүртгэгдсэн. Гэмт этгээдүүд нь нийгмийн сүлжээгээр хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авсан буюу бусдын фэйсбүүк чатад хууль бусаар нэвтэрч, тухайн эзэмшигчийн өмнөөс бусдаас мөнгө гуйсан, мөн бусад иргэний нэр дээр данс нээлгэн, тухайн дансаар дамжуулан бусдаас залилж авсан мөнгөө шилжүүлж авсан, мөн олон нийтийн сүлжээнд худал хуурмаг мэдээ мэдээлэл тавьж, иргэдийг төөрөгдөлд оруулах, итгэл үнэмшил төрүүлэх, зарын дагуу холбогдсон иргэдийн хэрэгцээг үндэслэн залилах гэмт хэрэг үйлдэж байна. Тухайлбал, “Хямд бараа, бүтээгдэхүүн худалдана”, “Олон улсын зээл олгоно”, “Койн худалдана”, “Олон улсын жолооны үнэмлэх гаргаж өгнө” гэх мэт хуурамч мэдээ мэдээлэлд итгэж иргэд мөнгөө шилжүүлэх, өөрийн иргэний үнэмлэхний зураг, регистрийн дугаар, банкны дансны дугаараа  илгээх зэргээр өөрийгөө тодорхойлох мэдээллээ явуулснаар гэмт этгээдийн өгөөш болох, хохирогч болох явдал гарсаар байна. 

-Манай аймгийн хувьд энэ гэмт хэргийн улмаас хэчнээн иргэнд хэдэн төгрөгийн хохирол учирсан бэ?

-Судалгааны дүнгээс харахад манай аймгийн хэмжээнд 2020, 2021, 2022 оны 2 сарын байдлаар үйлдэгдсэн 31 гэмт хэргийн улмаас 32 хүнд 186 сая 826 мянган төгрөг, нэг хуулийн этгээдэд 22 сая 691 мянган төгрөгийн хохирол учирсан. Үүнээс эргэн төлөгдсөн хохирол байхгүй байна.

Гэмт хэргийн хохирогч нарын насны байдал, боловсролын түвшин зэргээс үзэхэд дээд болон бүрэн дунд боловсролтой иргэд энэ гэмт хэргийн хохирогч болсон бол насны хувьд 18-40 насны иргэд байгаа нь тухайн иргэдийн хувьд цахим орчинд их цаг хугацаа зарцуулж байгаатай холбоотой. Түүнчлэн цар тахал, хорио цээрийн үед цахим худалдаа нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэд ийнхүү хохирч байна.

-Энэ төрлийн гэмт хэргийн арга нь улам нарийн үйлдэгдэх болсон. Иргэдэд сэрэмжлүүлэг байдлаар мэдээлэл өгөөч?

-Цахим хэрэгсэл ашиглаж залилсан гэмт хэрэг нь хаанаас залилсан болох нь тодорхойгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь тодорхой бус, гэмт хэрэг үйлдэх арга хэрэгсэл болгосон цахим хаягийг нь олж тогтоох боломж хомс, гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь нууц, бүртгэлгүй хаягаар бусдыг залилж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт удаашрах, илрэхгүй байх нөхцөл болж байна. Иймд иргэд цахим орчинд тавигдаж буй мэдээлэл нь үнэн зөв, баттай эсэхэд анхаарч, бусдад залилуулахаас болгоомжлон дор бүрнээ урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

-Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ