Оросын "Ми-8" нисдэг тэргийг Сирийн босогчид харван унагаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-02 09:24:07

МОСКВА. /TASS/. Оросын цэргийн тээврийн “Mи-8” нисдэг тэрэг Сирийн босогчдын “Жабхат Фатех аль-Шам” бүлэглэл болон засгийн газрын эсрэг бусад хүчнийхний хяналтад байдаг бүсэд даваа гарагт сүйрч, нисэх багийн таван гишүүн бүгд амь үрэгдсэн гэж ОХУ-ын БХЯ мэдэгдлээ.

Энэ нь өнгөрсөн оны 9 дүгээр сараас Сирид босогчдын байршилд агаараас цохилт өгөх кампанит ажиллагаа явуулж эхэлснээс хойш Оросын армийн хувьд нэг ослоор хамгийн олон хүнээ алдсан тохиолдол аж.

Сирийн хойд нутгийн Идлиб мужид “Mи-8” нисдэг тэргийг босогчид харван унагаасан гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын Шуурхай удирдах газрын дарга,  дэслэгч- генерал Сергей Рудской хэлэв.

Уг нисдэг тэрэг босогчдод бүслэгдсэн Алеппо хотод хүмүүнлэгийн тусламж хүргээд буцаж явж байжээ. Энэ нь Сирид Оросын нисдэг тэрэг сүйрсэн гурав дахь тохиолдол юм. 2015 оны 11 дүгээр сарын 14-нд "Ми-8АМТШ" нисдэг тэргийг босогчид харван унагаасан бол 2016 оны 4 дүгээр сарын 12-нд шилжих шөнө "Ми-28Н" нисдэг тэрэг Сирийн Хомс хотын ойролцоо сүйрсэн билээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ