Д.Жамсран: Газар эзэмших хүсэлтэй иргэдийн хардалтыг арилгахын тулд сугалаагаар шалгаруулна

ОРОН НУТАГТ | Увс
batkhuu@montsame.mn
2022-04-28 10:23:50

Улаангом сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу шинээр газар эзэмших хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээн авч байна. Иргэдийн хувьд сугалаагаар газар эзэмшүүлэх асуудалд бухимдалтай байна. Тус байгууллагын Газрын удирдлагын хэлтсийн дарга Д.Жамсрантай ярилцлаа.

-Төлөвлөлтийн дагуу энэ жил хэчнээн байршилд газар эзэмшүүлэхээр тусгасан бэ?

-2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Улаангом сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт 200 гаруй байршилд иргэдэд шинээр газар эзэмшүүлэхээр тусгасан. Тухайлбал 11 дүгээр багт 40 иргэнд, 1 дүгээр багт 40 иргэнд, 6 дугаар багт 70 иргэнд, 5 дугаар багт 80 иргэнд газар олгоно. Энэ сарын 27, 28-ны өдрүүдэд иргэдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч байна. Газрын нөөцөөс хамаараад өмнөх өдөр нь иргэд оочир, дараалал үүсгэлээ. Эхний өдрийн 11 цагийн байдлаар 800 гаруй иргэний өргөдөл хүлээн аваад байна.

-Эхний 200 иргэнд газар эзэмшүүлнэ гэсэн ойлголтын улмаас өмнөх өдөр нь иргэдийн дараалал, бухимдал үүсэв үү?

-Манай байгууллагаас эхний 200 иргэнд газар олгоно гэсэн мэдээлэл хийгээгүй. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ жил 200 байршилд газар эзэмшүүлэх боломжтой гэж танилцуулсан. Гэтэл иргэд эхний 200-д багтаж байж, газартай болно гэсэн ойлголттойгоор дараалал үүсгэлээ. Мэдээж аль болох бусдаас өрсөж өргөдлөө өгч байж газартай болно гэж бодсон байх.

-Өргөдөл ирүүлсэн хүн бүр газар эзэмших хүсэлтэй байгаа. Мөн хэн нэгэн дарга, эрх мэдэлтэй хүмүүст газар олгодог гэсэн хардалттай байна?

-Өнөөдрийн нөхцөл байдлын хувьд өргөдлийн тоо 200 биш 800-д хүрсэн байна. Маргааш 1000 хүрнэ гэсэн урьдчилсан тоо байна. Ер нь жил бүрийн газар олголтын үеэр иргэдийн хардалт, бухимдал үүсэх нь бий. Энэ жил ч мөн энэ асуудал яригдаж байна. Бид хэн нэгнийг хохироохгүйгээр, мөн иргэдийн хардалтыг арилгахын тулд нээлттэй сонгон шалгаруулалт явуулахаар шийдсэн. Баг тус бүрд өргөдлөө ирүүлсэн иргэдийг сугалааны зарчмаар орон нутгийн телевизүүд, иргэдийн төлөөллийг байлцуулан шударгаар сонгон шалгаруулах болно.

-Зөвхөн газар гэлтгүй төрийн ихэнх үйлчилгээ цахимд шилжиж байна. Энэ үед газрын өргөдлийг цахимаар хүлээн авахгүй байгаа шалтгаан юу вэ?

-Өнөөдрийн байдлаар цахим программ хөгжүүлэлтийн шатанд явж байгаа. Мөн газрын цахим системийг иргэдэд танилцуулах ажил, аян өрнөж байна. Иргэд өргөдлөө цахимаар явуулахад нэгж талбараа сонгох боломжгүй. Үүнээс гадна цахим системээр өргөдөл өгч чадах хүмүүс цөөн байна. Зарим иргэд цахим системд регистрээ ашиглан газартай эсэхээ шалгаж чадахгүй байна. Энэ үед цахимд ажиллаж чаддаг хүмүүст давуу эрх үүснэ. Иймээс газрын өргөдлийг өмнөх жишгээр уламжлалт аргаар авах нь иргэдэд хүртээмжтэй гэж үзсэн.

-Иргэдийн хувьд сугалаагаар аз таарвал газартай болно гэхээр нэлээн бухидаж байх шиг?

-Тухайлбал 11 дүгээр багт 40 байршилд газар олголт хийгдэнэ. Одоогоор 400 гаруй өргөдөл иргэдээс ирсэн байна. Бид эхний 40 иргэнд газар өгчихвөл хардалт үүсэх нь тодорхой шүү дээ. Иймээс 2 өдрийн дараа нийт өргөдлийг хянаж, нягталсны дараа сонгон шалгаруулалт хийнэ.

Ингэхдээ эхний ээлжинд өргөдлийг баг тус бүрээр ангилан, тухайн иргэн өмнө нь газар авсан эсэхийг регистрээр нь шалгаж хасалт хийнэ. Энэ мэтчилэн манай байгууллагын мэргэжилтнүүд ачаалалтай ажиллаж байна. Өргөдөл нэг бүртэй тулж ажиллах учраас цаг хугацаа шаардагдах тул ирэх долоо хоногт сонгон шалгаруулалт явуулахаар төлөвлөлөө. Ямартай ч өргөдөл хүлээн авах ажил эцэслэн дууссаны дараа сугалаа, сонгон шалгаруулалтын талаар тодорхой мэдээлэл хийх болно.

-Иргэд газраа ашиглах, эргэлтэд оруулах тал дээр хэр хариуцлагатай байна?

-ГХБХБГ-аас энэ жил “Хашаа” арга хэмжээг хэрэгжүүлж байна. Жил бүр газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдэд газар олголт хийгддэг. Харин эзэмшсэн газраа хашаажуулах, гэрчилгээжүүлэх ажил хийгдэхгүй байна. Жил тутамд 200-300 иргэнд газар олгодог ч зарим нь газраа эзэнжүүлэхгүй явсаар хүчингүй болгодог. Дахин дараа жил нь газар авна гээд өргөдөл бариад ирэх нь бий. Хэрвээ та газар эзэмшсэн бол хашаажуулах, ашиглах, эргэлтэд оруулах хэрэгтэй. Цаашид Улаангом сумын хэмжээнд газар авсан иргэдийн судалгааг гаргах, энэ чиглэлээр мэдээлэл, мэдэгдэл хүргэхээр төлөвлөөд байна.

-Танд баярлалаа

 

Холбоотой мэдээ