Алдартай урлаачдын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж сан хөмрөгөө баяжуулна

ФОТО
munkhzul@montsame.mn
2022-05-02 10:59:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын ивээл дор Баянхонгор аймгийн Гар урлаачдын анхдугаар зөвлөгөөнийг Баянхонгор хотноо зохион байгууллаа.

МҮХАҮТ-ын Баянхонгор аймаг дахь салбар танхимын дарга Г.Энхтүвшин, Баянхонгор аймгийн Гар урчуудын холбооны тэргүүн Р.Пүрэвсүрэн нарын санаачилгаар зохион байгуулсан тус зөвлөгөөнд 19 сумын төлөөлөл, аймгийн төвийн уран бүтээлч нийт 120 хүн оролцов. Мөн үеэр аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлаг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, "Дүүрэн санаа" НҮТББ захирал Х.Доржханд нар гар урлалын хөгжил, соёлын биет бус өвийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Анхдугаар зөвөлгөөнд оролцохдоо аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан гар урлал эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд, 10 хүнд тус бүр 5 сая төгрөгийг 3 жилийн хугацаатай хүүгүй зээлээр олгох болсноо дуулгасан юм. Түүнээс гадна Баянхонгор аймгийн музейд Алдартай урлаачдын шилдэг бүтээлүүдийг сонгон шалгаруулж сан хөмрөгөө баяжуулах шийдвэр гаргаснаа танилцууллаа.

Мөн өдөр зөвлөгөөнд оролцогчдын бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, газар дээр нь худалдан авалт хийх боломжийг олгожээ.