Инновац хөгжүүлэх, боломж шийдлийг ярилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-05 15:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчлгээний салбарт инновац хөгжүүлэх боломж, шийдэл-2022” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болов.


МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Цар тахлын нөлөөгөөр сүүлийн 2 жилд хөл хорио, олон улсын байдал, түүхий эд нийлүүлэлтийн тасалдал, үнийн өсөлт зэрэг нь манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Үүнийг үргэлжлүүлээд дайны нөхцөл байдал улам бүр хүндрэл учруулахаар байгаа ч бид бүх бололцоогоо дайчлан ажиллаж байгаа”-гаа дуулгалаа.


НЗДТГ, нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, үйлчилгээний байгууллагын төлөөлөл оролцож, мэдээлэл авч, харилцан туршлага солилцохоос гадна хамтран инновац санаа гаргах, санхүүгийн модель бий болгох, шинэ эрэлт бий болгох тухай ярилцаж байлаа. Тухайлбал, ЕБС-ийн сурах бичиг, соёлын салбарт VR, AR технологи ашиглах нь, хог хаягдлыг худалдан авах автомат машины төсөл, хонины ноосоор органик бордоог дотоодын хэрэглээнд нэвтрүүлэх боломж төслийн талаар танилцуулжээ.



Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2021 оны байдлаар 171 мянган компани бүртгэлтэй байсан бол одоогоор 57 мянга нь үйл ажиллагаа нь идэвхтэй үргэлжилж байна.


“Эндээс монголын жижиг дунд үйлдвэрлэл ямар хүндрэлийг туулсан нь харагдаж байна. МҮХАҮ-аас хийсэн судалгаагаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагын 80 гаруй хувь нь үйл ажиллагаа нь эрсдэлд орсон гэж байгаа. Иймд бид төр, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран жижиг, дунд үйлдвэр, үйлчигээний хууль эрх зүйн орчин боловсронгуй болгох, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байгаа”-г тэрбээр тэмдэглэв.


TRAM төслийн хүрээнд үндэсний брэнд болсон, бусад орныхоос ялгарах онцлог бүхий бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортод гаргахаар 6 кластерийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, Герман улс руу гоо сайхны сайхны бүтээгдэхүүн гаргаж эхлээд байгаа аж.


Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс эрхлэн гаргадаг дижитал өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс 64 улсаас 62-т бичигдсэнийг МҮХАҮТ-ын дарга хэлэлцүүлгийн үеэр дурдлаа. 

Холбоотой мэдээ