Монголын газар зүйн заалтыг Европын холбоонд бүртгүүлсэн туршлагаа хуваалцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-06 14:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ, Оюуны өмчийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо хамтран “Европын Холбоонд бүртгүүлсэн Монголын анхны газар зүйн заалтын туршлагаас” цахим уулзалт зохион байгууллаа.


Уулзалтад иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцон, Увсын чацаргана газар зүйн заалтыг Монголоос өнгөрсөн 1 дүгээр сард анх удаа Европын Холбоонд бүртгүүлсэн туршлага, сорилт боломжтой танилцаж, газар зүйн заалтын ойлголт, ач холбогдол, тавих шаардлага, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болоход газар зүйн заалт хэрхэн холбогдох талаар ярилцав.


Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоог төлөөлж З.Цэцэгсувд газар зүйн заалтыг ЕХд бүртгүүлэхэд ямар бэрхшээл тулгарсан талаар ярихдаа, -“Орчин цагт үндэстний амин чанар буюу ялгарлын тухай ярих болсон. Бүтээгдэхүүн, нутаг, дэвсгэр, газар зүй, ард түмэн, тэдний хоорондын харилцаа нь үндэстний амин чанар байдаг. Газар зүйн заалт нь тухайн үндэстний амин чанар юм. Газар зүйн заалтыг ЕХ-нд бүртгүүлэхэд лабораторийн шинжилгээ, судалгаа хийж, материал цуглуулах гээд бэрхшээл тулгардаг. Нөөцийн сорилт, хэлний бэрхшээл, талуудын идэвх оролцоо ч сорилт болно. Тодруулбал, шинжилгээг 1 удаа өгөөд хариу батлагдахгүй, 3-5 жил давтан өгч бүтээгдэхүүндээ харьцуулалт хийдэг. Чацарганы хувьд 1960 оноос зэрлэг жимсийг тарималжуулсан ч судалгааны бүтээлийг нь нэгтгэж, баталгаажуулаагүй байсан. Тэдгээр материалыг судлах, баталгаа дүгнэлт гаргахад жил болсон. Санхүү, хүний нөөц дутагдалтай байснаас гадна хөдөө орон нутагт хэлний болон бусад мэдлэг дутмаг байх тохиолдол бий. Талуудын идэвх хамгийн чухал” гэдгийг онцолж байв.


“Увс хүнс” компани энэ ажлыг манлайлж, 2019 оноос бичиг баримт, баг бүрдүүлэх, гадна дотны экперт эрдэмтэн урих, санхүүжилт шийдэх, уулзалт зохион байгуулан, тууштай явсны дүнд үр дүнд хүрснээс гадна МҮХАҮТ-д хандсанаар ажил хурдтай урагшилсныг тэрбээр тэмдэглэлээ. Газар зүйн заалт авсан ч хэрэгжүүлэхэд хугацаа шаардана. Экспортод хамгийн эхэнд Увсын чацарганы тос гаргах боломжтойг ярьж байлаа.


Онцлог шинж чанартай барааны нэрийг газар нутгийн нэртэй хослон хэрэглэснийг газар зүйн заалт гэдэг. Газар зүйн заалт авснаар чанартай бүтээгдэхүүнээ нэмүү өртгөөр борлуулах, үндэсний онцлогт бүтээгдэхүүний судалгаа хийх ач холбогдолтой. Газар зүйн заалтын онцлог нь гэрчлэлт, баталгааны тэмдгээр хамгаалагдан, олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг. Газар зүйн заалтыг хамгаалсан зохицуулалт хэрэгтэй тул 2003 онд хууль батлан, 2020 онд нэмэлт өөрчлөлт оруулсан”-ыг Оюуны өмчийн газрын ахлах шинжээч Б.Оюунцэцэн дурдав.



МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн энэ үеэр Бараа бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэхэд ялгарал чухал. Ялгарлыг шалгуураар баталж нотлон хүлээн зөвшөөрдөг газрын нэг нь Евродын холбоо. ЕХ-ны газар зүйн заалтаар тухайн бүс нутгийн онцлог ургамал, мал, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нь хаана ч байхгүй, содон, хамгийн онцлог гэдгийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх арга юм. Бидний хувьд махан бүтээгдэхүүнээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлж, үнэ цэнийг бий болгон, сортоо энэ хэвээр авч үлдэх, хөгжүүлэх боломж бүрдүүлдэг ач холбогдолтой”-г тэмдэглэсэн юм.


ЕХ-нд бүртгүүлсэн Увсын чацаргана газар зүйн заалтын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилласан МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал газар зүйн заалт, ОӨГ-ын ахлах шинжээч Б.Оюунцэцэн газар зүйн заалтын эрхийн хамгаалалт, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн, "Увс Хүнс" ХК-ийн Стратеги, төлөвлөлт, инновац хариуцсан захирал З.Цэцэгсувд Увсын чацаргана газар зүйн заалтыг ЕХ-нд бүртгүүлсэн талаар, ХҮИС-ийн доктор, профессор Н.Отгонсайхан газар зүйн заалтыг ашиглаж борлуулалтын орлогоо нэмэх нь, МОӨИТХ-ны гүйцэтгэх захирал С.Цогзолмаа улс орнуудын газар зүйн заалтыг хэрэгжүүлсэн туршлагаас мэдээлж, хэлэлцүүллээ.

 

 

 

Холбоотой мэдээ