ЕК-ын тэргүүн: Унгартай Оросын эсрэг хориг арга хэмжээний талаар хэлэлцэхэд ахиц гарсан

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-10 14:40:02

БУДАПЕШТ. /Zaobao/. Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай даваа гарагт уулзаж, ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авах шинэ арга хэмжээний талаар хэлэлцжээ. 


Хэлэлцээнд ахиц дэвшил гарч байна гэж талууд мэдэгдсэн ч хараахан тохиролцоонд хүрээгүй байна.


Уулзалтын дараа Урсула фон дер Ляйен олон нийтийн сүлжээнд “Виктор Орбантай хийсэн уулзалт нь хориг арга хэмжээ, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг тодруулахад тустай байсан. Бид ахиц дэвшил гаргасан ч цаашид ажиллах шаардлагатай байна” гэж нийтэлжээ.


Хэлэлцээнд оролцсон Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто мөн олон нийтийн сүлжээнд “Унгар улс Урсула фон дер Ляйенд ЕХ-ноос ОХУ-ын эсрэг авах зургаа дахь удаагийн хоригийн Унгар улсад үзүүлэх нөлөөллийн талаар дэлгэрэнгүй мэдээлсэн. Хэрэв Европын Комисс эдгээр асуудлыг шийдвэрлэх арга замыг гаргаж өгөхгүй бол Унгар улс энэ удаагийн хоригийг дэмжих боломжгүй” гэв.


Европын Комисс өнгөрсөн лхагва гарагт ОХУ-ын эсрэг авах зургаа дахь удаагийн хориг арга хэмжээг танилцуулсан ба үүнд ОХУ-ын газрын тосны импортыг энэ оны эцэс гэхэд бүрэн хориглох тухай санал оруулсан юм.


ЕХ-ны дүрмийн дагуу Европын Комиссын санал хүчин төгөлдөр болохын тулд гишүүн 27 орон санал нэгтэйгээр зөвшөөрөх шаардлагатай байдаг.


Зарим гишүүн орнууд эрчим хүчний хувьд ОХУ-аас ихээхэн хамааралтай байдаг тул уг саналыг батлахад амаргүй гэдгийг Урсула фон дер Ляйен өмнө нь хүлээн зөвшөөрчээ.     

Холбоотой мэдээ