Хүүхдийн өсөлтийг хангах бодис сүү орлуулах бүтээгдэхүүнд байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2016-08-03 13:34:46

Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих долоо хоногийн аяныг зарлаад удаагүй байна. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Эхийн сүүгээр хооллолт тогтвортой хөгжлийн тулгуур” сэдэвт хэлэлцүүлэг “Блью скай”-д боллоо.

Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, НҮБ-ын хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч Жудит Бруно тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

 Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын түвшинд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр хооллох ёстой. Бүх ээжүүд хүүхдээ эхийн сүүгээр хоолловол халдварт өвчин, элдэв харшлыг 50 хувь бууруулах боломжтой юм.  Тиймээс бага насны хүүхдийн хооллолтын талаар бид хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлж байна. Энэ хуулинд нялх хүүхдэд ач холбогдолтой олон заалтыг тусгасан төдийгүй эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний хэрэглээ, борлуулалт, зар сурталчилгааны талаар оруулсан учир  богино хугацаанд шийдвэрлэж хэрэгжүүлэх нь зүйтэй” гэв.

Эхийн сүүгээр хүүхдээ хооллох нь дэлхийн бусад орнуудтай харьцуулахад  манай орон харьцангуй өндөр хувьтай байсан юм. 1990-ээд оны эхэн үеэс хүн амын хүүхдүүдийн хооллолт 80 орчим хувьтай ихэнх хүүхдүүд эхийн сүүгээр хооллодог байсан бол сүүлийн жилүүдэд 50 хүрэхгүй хувьтай болж буурч хүүхдийн дундаж өвчлөл, ялангуяа хүүхэд харшилтай болох нь нэмэгджээ. Тухайлбал, улаанбурханы дэгдэлтийн улмаас гарсан эндэгдлийн дийлэнх тохиолдол зургаа хүртэлх сартай хүүхдүүдийн дунд байсан аж. Энэ нь хүүхдийг эхийн сүүгээр хооллоогүйтэй  холбоотой гэсэн дүгнэлт гарсан байна.

ЭМЯ-ны НЭМХ-ын мэргэжилтэн Б.Бямбатогтох, “Эхчүүд хүүхдээ эхийн сүүгээр хооллохгүй байгаа нь  дараах хүчин зүйлтэй холбоотой. Гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт зар суртачилгаа нэмэгдснээс гадна нийгэмд ядуурлын түвшин тууштай буурахгүй байгаагаас үүдэн эхчүүд төрөөд удалгүй ажилдаа орж байна. Мөн эхийн сүүнд байдаг уураг шим, хүүхдийн өсөлт хөгжил, оюун ухааныг дэмждэг, бие бялдрын хөгжлийг хангах бодисууд эхийн сүү орлуулах бүтээгдэхүүний найрлагад байхгүйг ээжүүд тэр бүр мэддэггүй. Энэ утгаараа хүүхдийг хөхийн сүүгээр хооллох явдал буурч байна” гэлээ. 

 

                                                                                                   М.Үүрийнтуяа

Холбоотой мэдээ