Нярайн шарлалтын асуудлыг орон нутагтаа бүрэн шийднэ

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-13 17:02:45

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн салбарт “Дэзэрэт” олон улсын энэрлийн байгууллагаас 122.3 сая төгрөгийн хөрөнгө оруулахаар гэрээ байгууллаа. 

Аймгийн эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай нярайн шарлалт хэмжих багаж (биллометр), нярайн шарлалтын тоног төхөөрөмж (фотоаппарат), ургийн зүрхний цохилт хэмжих багаж, нярайн жин, чихний отоскоп зэрэг нийт 122.344.000 мянган төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хандивлахаар боллоо.

Гэрээг "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллагын дарга Д.Пүрэвжаргал, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нар өнөөдөр байгуулсан байна. "Дэзэрэт" олон улсын энэрлийн байгууллага нь 1992 оноос хойш энэрлийн болоод хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж иржээ. Энэ хугацаанд Сэлэнгэ аймагт ковидын үеийн хандив тусламж, PCR тест, хамгаалалтын хувцас хэрэгсэл, эмнэлгийн зөөлөн эдлэл, өрхүүдэд хүнсний багц зэргийг тусламжаар хүргэж байсан байна.

Энэхүү гэрээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа: “Тус байгууллагатай найрсаг харилцаа тогтоож, алслагдсан сум, тосгодтой манай аймагт нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон  нутагт нь түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Ялангуяа нярайн шарлалтаа хэмжүүлэхээр, аппаратад орохоор холын сумдаас Нэгдсэн эмнэлэгт ирдэг талаар учир байдлаа ойлгуулсны үр дүнд дээрх байгууллагаас нийт 5 нэр төрлийн 80 ширхэг 122.3 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хандивлахаар ийнхүү гэрээ байгуулж байна. Хандивлагч байгууллагын зүгээс тоног төхөөрөмжүүдийг 2022 оны 6 дугаар сарын дунд үеэс нийлүүлэхээр захиалга хийгдсэн. Эл төхөөрөмжийг 6 газарт хүргэнэ. Ингэж орон нутагтаа хандив татаж чадсан газар бол ганцхан Сэлэнгэ аймаг болж байна” гэдгийг онцлон дурдлаа.

Дээрх хандив тусламжийн үрээр Сэлэнгэ аймгийн нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирч, тэр дундаа нярайн шарлалтыг орон нутгийнхаа Эрүүл мэндийн төвүүдэд хэмжиж, шарлалтын аппаратад орж байх бүрэн бололцоо ирэх 6 дугаар сарын сүүлчээс эхлэн бүрдэх нь ээ. 

Холбоотой мэдээ