Дулааны станц ашиглалтад орсноор Арвайхээрийн агаарын бохирдол 30 хувь буурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-16 14:32:06

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойрогтоо ажиллаж байна. Түүнтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.


-        -Та тойрогтоо ажиллаж явна уу, он гарсаар нэлээн хэдэн удаа хөдөө сумдаар ажилласан байх аа?

-        -Орон нутагт ажиллаж байгаа нь хоёр дахь чиг үүргээ биелүүлж байгаа явдал. Би тойрогтоо байнга л ажиллахыг хичээдэг л дээ. Чуулганы хуралдаантай үед Бүлгийн дарга байнга байж байх шаардлагатай учраас заримдаа ирж амждаггүй. Мөн ковидын цар тахлын нөлөөгөөр тойрогтоо ажиллах цаг хугацаа хязгаарлагдмал байсан бол одоо вирусний тархалт багассан болохоор тойргоороо нэлээн явж байна.

Иргэдийн хувьд тулгамдаж байгаа олон асуудал бийАжлын байртай болох, санхүүгийн тусламж, газар хүсэх, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны талаарх гомдол гээд олон асуудлыг тавьдаг. Боломжтойг нь шийдэхийг хичээдэг. Боломжгүйг нь боломжгүй гэдгийг нь хэлдэг.

-        -Зөвхөн Өвөрхангайнхан ч биш, бусад аймгийнхан танд их ханддаг юм шиг санагдсан. Ялангуяа манай малчид ихээр оторлодог Булган, Төв аймгийнхан танаас туслалцаа, дэмжлэг их хүсдэг юм билээ?

-        -Сүүлийн жилүүдэд цаг агаар хүндэрсэнтэй холбоотойгоор манай аймгийн малчид бусад аймгийн олон суманд отроор өвөлжиж, хаваржсан. Тухайн аймаг, сумаас маш их гомдол ирдэг. Малчдаа ая тухтай байлгахын тулд Булган, Төв аймгийн зарим сумын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд нь оролцдог юм. Тухайлбал, Булган аймгийн Рашаант, Дашинчилэн, Бүрэгхангай, Баяннуур, Төв аймгийн Эрдэнэсант сумаас тавьсан санал, хүсэлтүүдийг шийдэхэд анхаарч байна.

-        -2022 оны тухайд аймаг руугаа чиглэсэн хэдий хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгав. Ямар томоохон бүтээн байгуулалт өрнүүлэх вэ?

-          -2022 онд аймгийн хэмжээнд 140 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй томоохон хөрөнгө оруулалтыг тусгасан. Үүнээс 58 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ.

Боловсролын салбарт хэд хэдэн сургууль, цэцэрлэг барина. Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт, Уянга гэсэн таван суманд манай аймгийн хүн амын 55 хувь нь ажиллаж амьдарч байна. Тэнд хүүхдүүд нь гурван ээлжээр хичээллэдэг, эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй байгаа учраас нэмж эмнэлэг, сургуулийн барилга барих шаардлага байгаа.

Мөн Уянга, Хужирт, Бат-Өлзий суманд сумын төвийн шинэчлэл төсөл хэрэгжүүлнэ. Баруунбаян-Улаан, Хужирт суманд соёлын төв барина. Аялал жуулчлалын бүс нутаг болох Бат-Өлзий сум руу Хужирт сумаас 49 км авто замыг энэ онд эхлүүлнэ.

-        -Хэдэн жил яригдсан Дулааны станцын ажил эхлэхээр боллоо. Иргэдийн хүсэн хүлээлтийг хангасан найдвартай, үр өгөөжтэй ажил болно гэж найдаж байна?

-        -Арван аймагт дулааны станц барихаар хөрөнгийг нь 2017 онд БНСУ-ын Экзим банкны зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Түүнээс хойш үе шатны ажлууд нь явсаар байгаад одоо л нэг гүйцэтгэгчтэй болж, ажил эхлэх гэж байна. Хоёр жилдээ багтаагаад дулааны станц, дагалдах дахин дамжуулах төв, магистрал шугамын хамт барьж дуусгуулахаар ажиллаж байна. Дулааны станц ашиглалтад орсноор Арвайхээрийн агаарын бохирдол 30 хувь буурна гэж үзэж байгаа.

-        -Агаарын бохирдлын тухайд та ямар бодолтой явдаг вэ? Уурын зуухнуудын цаад эзэд нь УИХ-ын гишүүд гэсэн хардлага бүхий сэтгэгдлүүд цахим орчинд их тавигддаг. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-        -Манай аймгийн хувьд агаарын бохирдол тулгамдсан асуудлын нэг болсон. Өвөрхангай, Баянхонгор хоёр аймаг утаа тортгоороо улсын хэмжээнд тэргүүлж байна. Баянтээгийн уурхайн нүүрс илчлэг сайтай хэрнээ утаа тортог ихтэй нь агаарын бохирдлыг үүсгэх гол шалтгаан болж байгаа.

Нөгөө талаасаа манай аймаг нэгдсэн халаалтын систем байхгүй, бага оврын зуухуудаар дулааны үйл ажиллагаа явуулж эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн. Агаарын бохирдлыг бууруулахад хоёр том ажил хийх ёстой. Нэгт: Дулааны станц барина. Хоёрт: агаарын бохирдлын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа гэр хорооллын утааг бууруулахын тулд түлшээ сайжруулах, ийм л хоёр арга зам байна.

Би аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2008-2012 оны хооронд уурын зуухуудыг хувийн хэвшилд шилжүүлсэн. Нэг сум гэхэд л байгууллага бүр уурын зуухтай, 5-6 уурын зуух ажиллуулдаг байсныг нэгтгэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татсан. Аймагтаа бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс уурын зуухуудыг нэгтгэж, хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмжийг нь шинэчлээд ажиллуулж эхэлсэн. Энэ бол манай аймагт арваад жилийн өмнө хийсэн ажил, харин бусад аймаг одоо л уурын зуухнуудаа хувьд шилжүүлэх талаар ярьж эхэлж байна.

-        -Та Өвөрхангайн цаашдын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

-       -Манай аймгийн хөгжил дараах гурван зүйл дээр тогтдог. Нэгт: Мал аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүдийг байгуулж, ажлын байрыг олноор бий болгон, түүхий эдийн анхан болон дунд шатны боловсруулалтаа хийгээд гадаад зах зээлд гаргах, үүгээрээ орлого олж амьдрах ёстой юм.  Хоёрт: аймгийнхаа ирээдүйн хөгжилд нэмэр болох томоохон төслийг олох ёстой. Гуравт: байршил, дэд бүтцийнхээ давуу талыг ашиглах ёстой.

     -Та орон нутагт 20 гаруй жил ажилласан. Үүнээс 16 жилд нь аймаг удирдсан. Өнөөгийн Өвөрхангай аймгийн тогтвортой хөгжилд таны оруулсан хувь нэмэр их гэж ойлгодог.

-        -Би аймгийнхаа хөгжлийн гарц, тулгамдсан асуудлуудыг сайн мэднэ. Тулгамдсан асуудлуудыг шийдэхэд л анхаарч байна. Шийдэх нь бидний үүрэг. УИХ-ын гишүүн хоёр чиг үүрэгтэй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьж, тойрогтоо ажиллан, сонгогчдынхоо санал, хүсэлтийг сонсож, түүнийг төрийн бодлогод тусгаж ажиллах. Энэ чиг үүргийнхээ хүрээнд сайн ажиллахыг хичээж байна.

-   -Ярилцсанд баярлалаа.

Холбоотой мэдээ