Аялал жуулчлалаа сэргээж ашиг хүртэх цаг

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-05-16 15:49:57

                                                            Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


ХҮНД ҮЕ, ОРЛОГОГҮЙ ХОЁР ЖИЛ

Цар тахлын үед Аялал жуулчлалын салбар нь хамгийн их хохирол амссан орнуудын тоонд манай улс орсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд орлогогүй зогссон аялал жуулчлалын салбараа Төр засгийн зүгээс дэмжиж анхаарах зайлшгүй хэрэгтэй байгааг салбарынхан дуулгаж, Засгийн газраас ч ирэх хоёр жилд онцгой анхаарна гэж байна. Монгол Улс төдийгүй дэлхий даяар амаргүй сорилтууд тулгарч, эдийн засгийн хүнд үеийг туулж байгаа энэ цагт  хумигдсан жуулчлалын салбараа сэргээхэд ихээхэн хүч зарцуулах нь тодорхой болж байна. Ерөөс тур операторууд, зочид буудал, ресторанууд, тэдгээрийн ажиллах хүчний нөөцийн алдагдал 25-75 хувиар хумигдсан. Монголд жилд 500 мянга орчим жуулчин ирдэг болчихоод байсан бол сүүлийн хоёр жилд 1000 болтлоо буурсан тоо үүнийг гэрчилнэ. Монголын аялал жуулчлалын салбар цар тахлаас шалтгаалан 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээж, 90 орчим мянган ажлын байр тодорхойгүй нөхцөлд орсон юм. Ковидын өмнөх жилүүдэд орлого нь тогтмол өсч 2019 онд 605.5 сая ам.долларын орлого оруулсан ба энэ нь ДНБ-ний 6.5%-ийг бүрдүүлж байжээ.


Орлого буурснаас аж ахуйн нэгжүүд ажлын байраа цөөлөхөөс өөр аргагүйд хүрч байв. Энэ салбарт бизнес эрхлэгчийн 40 орчим хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, зарим хэсэг нь энэ салбараас гарахаас аргагүйд хүрчээ. Мэдээж үйл ажиллагааны орлого ихээр буурах, үнийн өсөлт, татвар зээлийн өр үүсэх гэх мэтээр аж ахуйн нэгжүүд  маш их ачаалал үүрч байгаа юм.  Хил хаалттайгаас жуулчин авч чадахгүйд хүрсэн нь орлогогүй гэсэн үг. Орлогогүй бол зээл төлбөрийн өр хуримтлагдах нь гарцаагүй хэрэг. Ингээд бэлэн мөнгөний хомстолд орж үүдээ хаахаас өөр гарцгүй болсон олон аж ахуйн нэгжийн дахин сэргэлтэд яаж бодитой дэмжлэг үзүүлэхийг анхаарах цаг ирээд байна.


Монголд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 60-аас илүү хувь нь бичил, 6 хувь нь  2.5 тэрбум төгрөгөөс дээш орлоготой томоохон аж ахуй нэгж, бусад нь дунд хэмжээнийх.


 

БИДЭНД ЖУУЛЧДЫГ ТАТАХ ЮУ БАЙНА?

Зөвхөн аялал жуулчлалын ч гэлтгүй бүх салбарт бүтээгдэхүүн үйлчилгээ нь сайн байх, тэрхүү бүтээгдэхүүн үйлчилгээг нь хар аяндаа дахин хэрэглэх хэрэглэгчдийн цуваа нэмэгдэж байх явдал л амжилтын үзүүлэлт болдог байна. Мөн аливаа бизнест үйлчилгээнийхээ бусдаас ялгаатай байдлыг давуу тал болгон хөгжүүлэх нэг арга байдаг. Тэгвэл манайд өөрийн гэсэн өвөрмөц тал, гадаадын жуулчдын сонирхлыг татах нүүдэлчин ахуй соёл байна. Үүнийгээ товойлгон харуулсан онцгой содон жуулчлалыг тасралтгүй урт хугацаанд хөгжүүлэх нөөц бололцоог бий болгох нь чухал. Үүн дээр Төр засгийн дэмжлэг, бизнес эрхлэгчдийн оролцоо голлох үүрэг гүйцэтгэнэ.

 

Дотоодын нийт бүтээгдэхүүний тодорхой хувийг бүрдүүлдэг, 90 орчим мянган ажлын байрыг шууд болон шууд бусаар бий болгодог энэ салбарыг нүүдэлчний өвөрмөц өнгө төрх бүхий онцлог байдлаар хөгжүүлэх, өөрийн гэсэн онцгой байдлаа жуулчдыг татах давуу тал болгох боломж манайд бий юм. Өөрөөр хэлбэл, буддист соёл, мал аж ахуйтай холбоотой содон өвөрмөц уламжлал, зан заншил, нүүдэлчин өнгө төрхөөсөө салж амжаагүй хот суурингуудаа жуулчдын сонирхол татах ашигтай менежментээр хөгжүүлэх гэх мэт олон гарц байна. Аялагчдад соёлын бүтээгдэхүүн, үндэсний брэнд зэрэг өөрсдийн онцлог талаа харуулсан үйл ажиллагаагаар таниулан сурталчлах ажил мөн ихээхэн чухал. Ингэж эдийн засгийн эргэлтийг сайжруулах тал бүрийн гарцыг нээхэд энэ салбар багагүй үүрэг гүйцэтгэх юм.


Бидний хувьд өргөн уудам хээр талд мал аж ахуй эрхлэн нүүдэллэж ирсэн, одоо ч энэ ахуй соёлоо хадгалж буй  нь Монголыг бусад орноос эрс ялгаруулдаг төдийгүй аялал жуулчлал амжилттай хөгжих өвөрмөц хөрс нь болж байдаг. Бас жуулчид Улаанбаатар хотоор дамжин өнгөрдөг нь томоохон боломж гэж хэлж болно. Нийслэлийг аялал жуулчлал болон хотын хөгжлийн аль алинд нь ашигтай байдлаар төлөвлөн хөгжүүлэх зам бас байна.


1950 оны дундаас хөгжлийн суурь нь эхэлсэн харьцангуй залуу, шинэ салбар болох Монголын аялал жуулчлалд онцлог өнгө төрхөөрөө гадны жуулчдыг татах давуу тал байдаг ч манайхтай ижил төстэй хэлбэрээр аялал жуулчлалаа амжилттай авч яваа Казахстан зэрэг улсаас илүүтэй онцлог, илүү хөгжингүй менежмент бидэнд хэрэгтэй нь үнэн билээ.

 

МОНГОЛД АЯЛАХ ӨРТӨГ ӨНДӨР

Монголд аялах нь өртөг өндөртэй гэгддэг. Өөрөөр хэлбэл, аль нэг арал дээр очиж амрахаас илүү өндөр зардлаар Монголыг сонгох хүртэл жуулчдын хүсэл сонирхолыг татах арга менежмент шаардлагатай юм. Манай тийзний үнэ өндөр, нислэгийн тоо цөөн гэх мэт шалтгаанууд нь жуулчдын ирэх урсгалд муугаар нөлөөлдөг. Үүнд төрийн оролцоотой зохицуулалт ч хэрэгтэйг салбарынхан хэлсээр. Мөн орон нутгийн нислэгийн хуваарь тодорхой, цахим виз олголтод саатал үүсдэггүй байх гэх мэтээр жуулчдад мэдээлэл өгөхөд хүндрэл учирдаггүй боловсронгуй болох шаардлага эн тэргүүнийх. Засгийн газраас зарлан хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод аялал жуулчлалын салбарыг сэргээх, тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх тухай тусгасан. Аялал жуулчлалын салбарынханд ямар бэрхшээл үүсдэг, мөн тэдний ажил үйлчилгээнд төрийн байгууллагын зүгээс ямар дарамт учруулдаг, тэр бүхнийг хэрхэн арилгах талаар ч Засгийн газар анхаарч ажиллахаа амалсан.

 

Түүнчлэн энэ салбар яагаад хангалттай хэмжээнд хөгжихгүй байгаа вэ гэдгийн бас нэгэн гол шалтгаан нь дэд бүтэц муу хөгжсөн, эрх зүйн орчин тааруу, бодлогын түвшинд цогц байдлаар анхаарахгүй өдий хүрсний үр дүн гэж мэргэжилтнүүд хэлдэг төдийгүй ийм байдал нь жуулчдаа алдахад хүргэдэг гэж үздэг. Жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ тун тааруу, өөр хоорондоо ялгарах онцлоггүй, ихэвчлэн ижил төстэй үйлчилгээ үзүүлдэг, тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтэй боловсон хүчний хүрэлцээ муу гэх мэт дутагдалтай талууд Монголын аялал жуулчлалын салбарт байсаар байгаа.  Түүнээс гадна Монголын аялал жуулчлалын салбар дулааны улиралд сэргэдэг, харин дулаан улирал нь богино хугацаанд үргэлжилдэг. Тиймээс энэхүү онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх тусгай менежмент зайлшгүй шаардагдаж байдаг.


Мөн жуулчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг анхаарч засаж хөгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал бие засах газраас өгсүүлээд зочид буудал, эрүүл мэндийн үйлчилгээ, хоол цайны газруудын үйлчилгээ, дурсгалт газрууд дахь ая тухтай байдал зэрэгт анхаарах учиртай юм.


САЛБАР СЭРГЭЭХ ОНЦГОЙ ШИЙДВЭР

Дэлхий дахинд аялал жуулчлалын салбар сэргэх хандлагатай болсон энэ цаг үед манайх ч мөн төр, хувийн хэвшилтэйгээ хамтраад энэ салбараа босгож авах нь чухал. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг чухал хэсэг нь  аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай асуудал. Энэ утгаараа цар тахлын нөлөөгөөр маш богино хугацаанд чадамжаа алдчихаад байгаа энэ салбарыг сэргээн дэмжихийн тулд Төр засгийн зүгээс нөхцөл байдал амаргүй үе байсан ч хил гаалиа азийн улс орнуудаас түрүүнд шахам нээж, ямар нэгэн төвөг чирэгдэлгүйгээр жуулчин хүлээж авахад анхаарч эхэлсэн.


Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд зориулж хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх, НДШ-ийн болон газрын төлбөрийн хуримтлагдсан өр, төлбөр төлөх хугацааг хойшлуулах гэх мэт зохицуулж болох асуудлыг чирэгдэлгүй шийдэхэд Засгийн газар анхаарахаар болов. Гадаадын жуулчид Монголоос гарах үедээ худалдан авалтынхаа тодорхой хувийг буцаан авдаг болох асуудлыг Сангийн яам судалж үзэхээр болсон.


Мөн БНСУ-ын иргэд 90 хоног Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гарсан нь олон нийтийн болоод тус улсын жуулчин иргэдийн анхаарлыг ихээхэн татаад байгаа юм. Энэ шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ. Манай улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг ингэж визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзсэн байна.


САЙН ДЭД БҮТЭЦ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АМИН СҮНС НЬ 

Аялал жуулчлалын салбарт дэд бүтэцтэй холбоотой асуудал эхний ээлжинд шийдэх ёстой тулгамдаж буй том асуудал гэгддэг. Агаарын тээврийн либералчлалыг нэвтрүүлэхгүйгээр, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүйгээр жуулчин татах боломжгүй нь ойлгомжтой. Цахимаар виз мэдүүлэх ажлыг нэвтрүүлж боловсронгуй болгох, гадаадын иргэд виз мэдүүлэхэд хялбар ойлгомжтой байх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал.


Монголыг зорин ирсэн жуулчдад хил гаалиар нэвтрэхэд хүндрэлгүй үйлчлэх, боомтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэчлэх, е-виз олгохдоо жуулчдад төвөг чирэгдэлгүй үйлчилдэг байх зэрэг олон шаардлагыг салбарынхан тавьсаар ирсэн. Засгийн газраас харин агаарын тээврийг либералчлах, чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, зогсонги байдалд орсон салбарыг богино хугацаанд сэргээж эрчимжүүлнэ гэж мэдэгдээд байгаа юм. Тухайлбал, гадаадын жуулчдад зориулсан татварын урамшуулал, хөнгөлөлтийн систем бий болгох, жуулчдын эрүүл мэндийг хамгаалах ажлыг зохион байгуулах, гадаадын жуулчдын урсгалыг татах чиглэлээр байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, цахим шилжилтийг хурдасгаж, жуулчид мэдээлэл авах, захиалга өгөхөд ойлгомжтой хялбар болгоход анхаарахаар болж, Франкфурт чиглэлийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх шийдвэр ч гарлаа.


Монгол Улсад богино хугацаагаар ирэх гадаадын 36 улсын иргэнд 3 төрлийн визийг 20-72 цагийн дотор цахимаар олгох evisa.mn системийг туршилтын журмаар нэвтрүүлсэн гэх мэтээр олон улсын аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж байгаа.


Аялал жуулчлал бол тухайн улсын гадаад харилцаанаас өгсүүлээд хот хөдөөгийн зам дэд бүтэц, соёл урлаг, дэлгүүр хоршоо, жижиг наймаа эрхлэгч, хоолны газруудын үйл ажиллагаатай хүртэл холбогдож, өргөн хүрээг хамардаг салбар. Энэ утгаараа олон салбарт өгөөжөө өгч байдаг, олон талын оролцогчтой бизнесийн онцлогтой энэ салбарт тохирсон зохистой бодлого хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх нь юу юунаас чухал байна.  

Холбоотой мэдээ