Үерийн далангийн гүйцэтгэл 60 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-05-16 15:14:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4, 13, 3, 2, 12 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Бөхөн уулын энгэрт 12,5 км үерийн далан барьж байгаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 12,5 тэрбум төгрөгөөр барьж буй уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр "Нью констракшн" компани ажиллаж байна. Даланг цутгамал төмөр бетон хавтангаар хийнэ.

Өнгөрсөн онд эхэлсэн ажлын нийт гүйцэтгэл одоогийн байдлаар 60 хувьтай, газар шорооны ажил 90 хувьтай явж байна.

Баруун талын чиглэлээр нийт 3.65 км далангийн 2.67 км-ийг нь хийж дуусгасан, 900 м газарт газар шорооны ажил хийж байна. Мөн үйлдвэрийн бүсийн чиглэлд 1.8 км далан барьжээ. Цаашид зам сэтлэх, төсөлд өртөж буй хашаа, хайсыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах аж.

Өнгөрсөн долоо хоногт аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас дээрх ажилд захиалагчийн техникийн хяналт хийв. Хяналтаар хавтангийн угсралтын ажлыг гүйцэтгэхдээ шороог сайн нягтруулах, хагаралт үүссэн хавтанг солих, талбайн камержуулалт хийх, хүн хүч, машин механизмын хүчийг  нэмэгдүүлэх, далангийн ажлыг гэрээний хугацаанд чанартай, гүйцэтгэх үүрэг өгөв.

Үерийн далангийн ажил ирэх 10 дугаар сард ашиглалтад орно.

Холбоотой мэдээ