Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-16 21:30:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн албан томилолтоороо газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна. Тэрээр өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Макс агро", Баянгол сумын "Майнд тэч" ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.  

Мандал сум дахь "Макс" групп, "Сүү" ХК нь 2014 онд саалийн үнээний фермер төсөл хэрэгжүүлж, 2014 оны 9 дүгээр сард Словак улсаас Монголд анх удаа цэвэр цусны саалийн чиглэлийн хээлтэй Глоштейн үүлдрийн 300 үнээ оруулж иржээ. Ингэснээр "Макс агро" эрчимжсэн мал аж ахуйн цогцолбор фермийг байгуулсан байна.

Энэ үеэр Мандал сумын Засаг дарга Д.Ганболд: ”Мандал сум фермерийн аж ахуйгаараа тэргүүлэх зорилт тавьж байгаа аж. Манай Мандал сумын 2100 өрхийн яг эрчимжсэн фермер эрхэлж байгаа нь энэ "Макс" групп. Үүнээс гадна жижиг хэмжээний 66 фермер байдаг. Энэ "Макс" групп Улаанбаатар хотыг шингэн сүүгээр хангаж байна. Үүнийг нэмэгдүүлэх боломж Мандал суманд бий. Үүнийг төр ямар бодлогоор дэмжих вэ гэхээр газрын асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Бидэнд газар бол байна. Газрын хууль дээр л хамгийн гол гацаа байна. Энэ нь газар хагалж болохгүй, мөн тариалангийн талбайг тэлж болохгүй гэсэн заалтууд байгаа. Иймд хүнсний хангамжаа нэмэгдүүлэхийн тулд газрын асуудлыг шийдэж, газрын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй байна” хэмээн тулгамдаж буй асуудал, цаашид фермерийн хөгжлийн асуудлаар санал тавьж байв.     

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногоочдын төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонсон байр сууриа илэрхийлсэн. Мөн Баянгол сум дахь "Майнд тэч" ХХК-ийн ургамлын тосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тус компани Баруунхараагийн САА-н багсармал тэжээлийн үйлдвэрийн суурийг 2012 онд худалдан авч сэргээн засварлан, шинээр бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэснээр 2018 онд Монгол Улсад анхны тослог ургамлын үр боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулсан байдаг. Одоогоор тус үйлдвэр малын хүчит тэжээл, био дизель, ургамлын тос үйлдвэрлэн зах зээлд худалдан борлуулж улс, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Төрийн тэргүүн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ дотооддоо үйлдвэрлэж байгаа ийм үйлдвэрлэлээ бүх талаар нь дэмжиж ажиллахыг онцгойлон тодотголоо. Төрийн тэргүүний ажлын айлчлал маргааш үргэлжилнэ. 



Холбоотой мэдээ