Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дураараа донор болж болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-17 18:30:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хээлцэж, дэмжлээ.


Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн танилцууллаа. Сүүлийн жилүүдэд хүн амын дунд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэх шаардлагатай иргэдийн тоо нэмэгдэж, нас баралтын тэргүүлэх шалтгаанд зүрх судасны өвчлөл, элэг, бөөрний эмгэг, осол гэмтэл орж байна. Мөн анагаах ухааны практикт эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын шинэ технологиуд нэвтэрч эрчимтэй хөгжиж байгаа нь иргэдийнхээ амь насыг аврах, амьдралын чанарыг сайжруулах өргөн боломж нээгдэж байна.


Монгол Улсад 2006 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийснээс хойшэнэ оны 3 дугаар сарын 1-ний байдлаар 256 иргэнд бөөр (215 иргэнд амьд донороос, 41 иргэнд амьгүй донороос), 194 иргэнд элэг (172 иргэнд амьд донороос, 22 иргэнд амьгүй донороос), 24 иргэнд ясны чөмөгний үүдэл эс, 24 иргэнд нүдний эвэрлэг, 735 иргэнд арьс, 65 иргэнд шөрмөс, 373 иргэнд үр шилжүүлсэн суулгажээ. Мөн нойр булчирхай болон зүрх шилжүүлэн суулгах үндэсний багуудыг байгуулж, бэлтгэл ажлыг нь ханган ажиллаж байна.


УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, "Хуулийн төсөлд нэгдүгээрт, Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах тухай тусгажээ. Одоо мөрдөж буй Донорын тухай хуульд Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ гаргах тухай заасан нь амьдралд нийцэхгүй байна. Тухайлбал, 25 насанд хүрээгүй амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн авах, суулгах боломжгүй нь хугацаа алдах, эмчлүүлэгчийн өвчин улам даамжрах, биеийн байдал  хүндрэх, цаашлаад амь нас эрсдэх эрсдэлийг бий болгож  байна. УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаанд АНУ, Турк, Энэтхэг улсад 18 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эс, эд, эрхтний донор болохыг зөвшөөрдөг бол Сингапур улс 21 нас хүрсэн хүн сайн дурын үндсэн дээр өөрийн гэр бүлийн гишүүнд донор болохыг зөвшөөрдөг байна. Манай улсын хувьд донор болох насны доод хязгаар бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байна" гэв.


Хоёрдугаарт, Эс, эд, эрхтний донорын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг байгуулах эрх зүйн орчин бий болгохоор хуулийн төсөлд тусгалаа. Донорын тухай хуулийн 9 дүгээр зүйлд донорын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, нэгдсэн бүртгэл мэдээллийн сан байгуулах чиг үүрэг бүхий Зохицуулах албыг байгуулах тухай заасан. Тус алба нь эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээлэл, холбогдох тоо баримтыг цуглуулж, хадгалах нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан /ДАТА бааз/-г ажиллуулж байгаа бөгөөд уг мэдээллийн сангийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх практик шаардлага тулгараад байна. Манай улсын хэмжээнд бөөр, элэг, нүдний эвэрлэг, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах эмчилгээ шаардлагатай олон зуун иргэн байгаа бөгөөд одоогоор бөөр шилжүүлэн суулгах эмчилгээний хүлээх жагсаалтад 350, элэг шилжүүлэн суулгах хүлээх жагсаалтад 250 гаруй иргэн бүртгэлтэй байна. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна.


Гуравдугаарт, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн Ёс зүйн хороо ажиллахаар тусгалаа. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны явцад гарч болох ёс зүйн хэм хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах үүрэг бүхий эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хороог эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулах шаардлагатай байна. Одоогийн Ёс зүйн хороо нь эмнэлэг бүрд тус тусдаа байгаа юм.


Дөрөвдүгээрт, Нийгмийн даатгалын сангаас амьгүй донорын оршуулгын тэтгэмжид санхүүгийн дэмжлэг  үзүүлэх эрх зүйн орчин бий болгохоор тусгасан. Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас тархины үхэлтэй хүний гэр бүлтэй уулзалт хийж, эс, эд, эрхтний донор болгох тухай хүсэлтийг тавихад тэдний зүгээс ямар нэгэн мөнгөн дэмжлэг, туслалцаа үзүүлэх эсэх, ялангуяа оршуулгын зардалд дэмжлэг үзүүлэх тухай 95 хувь нь асууж байсан бөгөөд төрөөс дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хариултыг сонсоод 45 гэр бүлээс 20 гэр бүл донор болгохоос татгалзсан байна. Тус албаны мэдээгээр 2021 онд долоон амьгүй донороос найман бөөр, долоон элэг, 14 судас, 17 шөрмөс шилжүүлэн суулгасан. Оршуулгын тэтгэмж олговол дээрх тоо нэмэгдэнэ гэж тооцож байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг тогтоодог. Тус зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор оршуулгын тэтгэмжийн хэмжээг сая төгрөгөөр тогтоосон байна. Дээрх тогтоолоор 10 сая төгрөг өгөхөөр эхний байдлаар тооцоо гаргасан. Цаашид хуулийн төсөл батлагдсаны дараа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд хүсэлт гаргаж олон хүний амь насыг аварсан донорын оршуулгын зардлын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг зохих журмын дагуу гаргах болно.


Тавдугаарт, доноруудыг жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд үнэ төлбөргүй сувилуулахаар тусгасан. Санхүүгийн болон үзүүлэх дэмжлэгийн тухайд АНУ-д унаа, байр, хоол, хөдөлмөр эрхлээгүй үед олгох цалин хөлс, асрах зардал, үзлэгийн төлбөр болон татварын хөнгөлөлт, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг бол БНСУ-д амьгүй донорт оршуулгын зардал, донорын гэр бүлийнхэнд зориулсан дурсгалын болон хүндэтгэлийн арга хэмжээ, амьд донорт эмчилгээний зардал, цалинтай чөлөө, сэтгэл зүйн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг байна. Иймд эрхтэний донор болсон хүмүүст бусад улс орон шиг дэмжлэг үзүүлж чаддаггүй юмаа гэхэд ядаж жилд нэг удаа дотоодын рашаан сувилалд сувилуулах дэмжлэгийг үзүүлэх шаардлагатай байна.


Зургадугаарт, цусны донор болон эс, эд, эрхтний амьд донорыг олон нийтэд таниулах, алдаршуулах, амьгүй донор болон гэр бүлд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулдаг байхаар төсөлд тусгасан болно. Дэлхийн олон улс оронд (Австрали Улсад  “National Donate Life Family Support Service NDFSS”,  АНУ-д  “Center of Organ Recovery and Education” түүнээс хэрэгжүүлдэг  “Gift of Life Donor Program” болон “Organ Donation Grief Counseling Program”,  БНСУ-д “KODA”  буюу  “Korean Organ Donation Agency”) донорын ариун  үйл хэргийг таниулах, ухамсарлуулан ойлгуулах, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг төв ажиллаж, эс, эд, эрхтний донор болж хүний амь нас, эрүүл мэндийг аврах үйл хэрэгт юугаар ч үнэлж барахгүй хувь нэмрээ оруулж, буян үйлдсэн амьгүй донорын гэгээн дурсгалыг хүндэтгэх, гэр бүлд нь хүндэтгэл илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг, туслалцаа үзүүлдэг байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Сарангэрэл, Н.Учрал, М.Оюунчимэг нар төсөл санаачлагч болон ажлын багийн гишүүдээс асуулт асуужв. Гишүүд хуулийн төслийг хэлэлцэхийг болон Монгол Улсын 21 насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгах зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал энэ хуулийн төслийг боловсруулахад мэргэжлийн байгууллагууд нь, гадаад, дотоодын зөвлөхүүд нь оролцсон учраас УИХ төслийг концепцээр нь өөрчлөх шаардлагагүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бол Д.Сарангэрэл гишүүн зүрх шилжүүлэн суулгах баг гараад, бэлтгэл ажил хангаж буйг Байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Ингээд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжье гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэнээр уг асуудлыг хэлэлцсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ