АНУ ИХАБ-тай стратегийн яриа хэлэлцээ эхлүүлнэ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-05-18 13:10:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ ирэх долоо хоногт Исламын хамтын ажиллагааны байгууллагатай /ИХАБ/ стратегийн яриа хэлэлцээ эхлүүлэх гэж байна. Энэ тухай мягмар гарагт ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Нед Прайс мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, ИХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хисейн Брахим Таха тэргүүтэй төлөөлөгчид стратегийн яриа хэлэлцээг эхлүүлэхээр Вашингтонд тавдугаар сарын 23-нд хүрэлцэн ирнэ.


АНУ, ИХАБ нь "олон арван жилийн турш ойр дотно түнш" байсаар ирсэн бөгөөд "эдийн засаг, нийгэм, соёл, ард түмэн хоорондын бат бөх хэлхээ холбоогоор холбогддог". Эдгээр харилцаа нь АНУ-ыг зөвхөн ИХАБ-тай төдийгүй түүний гишүүн 57 улстай холбодог гэж Прайс онцолжээ.


АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн бичгийн даргын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Яэл Лемперт болон бусад албаны хүмүүс яриа хэлэлцээ хийнэ. Тавдугаар сарын 25-нд мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ИХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзана. Прайсын хэлснээр, энэхүү уулзалтаар талууд уур амьсгалын өөрчлөлттэй хийж буй тэмцэл, дэлхий даяар хүний эрхийг хамгаалах болон хэт давруу үзэлтэй тэмцэх ажлын ахиц дэвшил зэрэг "нийтлэг сорилт, боломж"-ийг хэлэлцэнэ.


Удахгүй болох яриа хэлэлцээ нь АНУ-ын одоогийн засаг захиргаа олон талт байгууллагуудтай нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг харуулж байна гэж Төрийн департаментын төлөөлөгч хэлсэн байна.


Холбоотой мэдээ