Үндэсний номын баяраар "Танд ойрхон номын сан"-аар үйлчилж байна

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-05-18 22:48:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор тэмдэглэн өнгөрүүлэх 31 дэх удаагийн Үндэсний номын баярын үйл ажиллагаа 5 дугаар сарын 18-нд Мандалговь хотноо эхэллээ.

Ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын энэ өдрүүдийг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэх үйл ажиллагаа хуульчлагдсанаас хойш хоёр дахь, анх зохион байгуулж эхэлснээс хойш 31 дэх удаагаа зохион байгуулж буй Үндэсний номын баярыг энэ жил “Илүү их уншъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж,  үндэсний бичиг, өв соёл эх хэлээ сурталчлан таниулдаг соёлын цогц үйл ажиллагаа юм.

Тус үйл ажиллагаанд аймгийн соёлын байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа сурталчлан “Танд ойрхон номын сан”, холбогдох хууль журмын сурталчилгаа, хэлэлцүүлэг, “Үлгэрээс үлгэрлэе” уран уншлага, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн зохиол бүтээлийн сэдэвчилсэн үзэсгэлэн, хуучин болон шинэ номын худалдаа, ном солилцоо, ховор хуучин номын мэдээллийг сурталчлах, таниулах, номын сангийн карт нээх, ном гэрээр олгох, зэрэг олон үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа юм.

“Танд ойрхон номын сан”-д зэс барсын хатуу муутуу цаасан дээр хэвлэсэн “Алтангэрэл” судар, Хөх судар, Манж монгол бичгийн судар, 1930 оны Үндсэн хууль (7 бүлэг, 12 зүйл бүхий),  зэрэг ховор номыг уншигчдад танилцуулж байна.


Тус номын сан С.Буяннэмэхийн 100 жилийн ойгоор түүний нэрэмжит болж, аймгийн Засаг даргын шийдвэрээр түүний амьдрал, уран бүтээл, зохиолыг судлан, бүтээл хийж, болзол хангасан сурагчдыг “Буяннэмэх тэмдэгтэн” цол тэмдгээр шагнадаг болжээ. Номын баярын энэ өдрөөр “Буяннэмэх тэмдэгтэн” болзлыг хангасан сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гаргасан төдийгүй С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолчдыг танилцуулжээ. Энэхүү нэрэмжит шагналыг Монгол Улсын хэмжээнд 14 хүн хүртсэн байдаг.


Мөн энэ үеэр “Оюуны ундарга” номын дэлгүүр шинэ номын худалдаа хийж байна. Тус дэлгүүрийг санаачлан байгуулсан А.Үүрийнцолмон өөрөө ном унших сонирхолтой, сүүлийн  жилүүдэд онлайнаар ном унших сонирхолтой хүмүүсийг нэгтгэн, ном унших, солилцох үйлчилгээг эрхэлж байгаад энэ жил номын дэлгүүрээ нээжээ.

Номын баярын нээлтийн үеэр аймгийн Музей “Байгаль эх дэлхийн ан амьтад” үзэсгэлэнгийн нээлтээ хийн мэдээлэл өгч, дэлхийн ховор амьтдын энэхүү үзэсгэлэнг гэр бүлээрээ ирж үзэхийг уриаллаа. Байгалийн түүхийн музейн үзмэр бүхий энэ үзэсгэлэн 5 дугаар сарын 25 хүртэл үргэлжлэх ба Дундговь аймагт анх удаа олны  хүртээл болгож байгаа онцлогтой юм.

Номын баяр энэ сарын 19-нийг дуустал үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ