БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг Говь-Алтай аймагт ажиллалаа

ОРОН НУТАГТ | Говь-Алтай
185@montsame.mn
2022-05-19 11:04:39

Говь-Алтай /МОНЦАМЭ/. БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын баг тавдугаар сарын 17-нд Говь-Алтай аймагт ажиллалаа.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар Говь-Алтай аймгийн БШУГ хамтран боловсролын салбарын албан хаагчдад төсвийн шинэчлэлийн бодлогыг таниулах, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, ойлголт мэдээллийг нэгтгэх, шинэчлэлийн үр дүнтэй хэрэгжүүлэх уулзалт-сургалт зохион байгуулжээ. Энэхүү уулзалт-сургалтад Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 400 гаруй алба хаагч хамрагдаж, мэдлэг мэдээллээ тэллээ хэмээн аймгийн БШУГ-аас мэдээлэв.

Түүнчлэн Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ахлуулсан ажлын багийнхан Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Есөнбулаг сумын бүх шатны боловсролын байгууллагаар орж үйл ажиллагаатай нь танилцаж багш, сурагчидтай уулзсан юм. Мөн үеэр цэцэрлэг, сургуулийн удирдлагууд өргөтгөл, барилгын засварын ажил тулгамдаж буй асуудал болж байгааг хэллээ. Энэхүү асуудал хуулиараа орон нутгийн удирдлагад шилжсэн учир дэд сайд цэцэрлэг, сургуулиудад тулгамдаад байгаа асуудлыг Говь-Алтай аймгийн Засаг даргад танилцуулж, анхаарч өгөхийг хүссэн юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар орон нутгийн нийт төсвийнхөө 30 хувийг боловсролын салбарт оруулж байгааг онцлон хэлэв. 

Тэрээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг мөн МСҮТ, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаахын сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 60 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд өдгөө нийт 400 орчим оюутан суралцаж байна. МСҮТ-ийг түшиглэн цэцэрлэг, сургуулийн ширээ сандал хийж, нийлүүлэх, үдийн хоолоор хангах зэргээр ажиллах боломж бий гэдгийг уулзалтын үеэр багш нар онцлон хэлж байсан юм. 


Холбоотой мэдээ