Аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-19 11:39:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчний үүсэн байгуулагдсаны 101, Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит, аймгийн аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж эхэллээ.

Тэмцээний 1 дүгээр шатны шалгаруулалтыг 5 дугаар сарын 1-ний дотор бүх сумын ерөнхий боловсролын сургуулиудын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд 13 сумаас шалгарсан 17 багийн 240 гаруй сурагч 2 дугаар шатны шалгаруулалтад оролцохоор бэлтгэл, сургуулиа хангасан байна.

Аймгаасаа эхний байруудад шалгарсан баг тамирчид Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор, Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд Өвөрхангай аймгаа төлөөлөн оролцох юм.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Авьяаслаг, спортлог сурагч та бүхэн “Дөл” тэмцээнд оролцсоноороо эх оронч хүмүүжил, төлөвшил, эх орноо батлан хамгаалах бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужилд бүрэн суралцана гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлоод дасгалжуулагч, баг тамирчид, сурагчдад спортын өндөр амжилтыг хүслээ.

“Дөл” цогцолбор тэмцээнээр гардан тулааны үзүүлэх тоглолт, тэмцээний маршийн гүйлт, тасгийн захирагчийн тэмцээн гэхчлэн цэрэг, спортын 12 төрөлд ур чадвар, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорих аж. 

Холбоотой мэдээ