Эмэгтэй нэвтрүүлэгчид нүүрээ халхлах ёстой гэсэн шаардлагыг талибууд тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-05-20 11:35:26

КАБУЛ. /DW/. Афганистаны засгийн эрхийг барьж буй “Талибан” хөдөлгөөн эмэгтэй нэвтрүүлэгчдэд телевизээр гарахдаа нүүрээ халхлах шаардлага тавихыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг болгожээ.


“Өчигдөр бид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан бөгөөд зөвлөмжийг маань баяртайгаар хүлээн авсан” гэж “Талибан”-ы Буяныг дэлгэрүүлэх, бузар муугаас урьдчилан сэргийлэх яамны хэвлэлийн төлөөлөгч Акиф Махажар мэдээлсэн байна.


“Талибан” шинэ журам нь “эцэслэн шийдэгдсэн бөгөөд тохиролцох боломжгүй” гэдгийг бүх телевизийн станцад мэдэгдсэн талаар Афганистаны “TOLOnews” суваг уламжилжээ. А.Махажарын хэлснээр, цар тахлын үед түгээмэл хэрэглэдэг болсон амны хаалтыг эмэгтэй нэвтрүүлэгчид зүүх боломжтой байна.


Уг журмын дагуу эмэгтэй нэвтрүүлэгчид зөвхөн нүдээ ил гаргах боломжтой болж байгааг нэгэн телевизийн продюсер ярьсан байна. Өнгөрсөн гуравдугаар сард “Талибан” хөдөлгөөн “BBC, “Deutsche Welle” зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхийг хориглосон юм.


Афганистанд эмэгтэйчүүдийн эрхийн байдал ямар байна вэ?

Эрх баригчид олон нийтийн газраар явахдаа нүүрээ халхлахыг эмэгтэйчүүдэд үүрэг болгосноос хэдхэн хоногийн дараа гаргасан дээрх журам нь “Талибан”-ы өмнөх хатуу дэглэмийн бодлого сэргэж байгааг харуулж байна.


Афган эмэгтэйчүүдийн дийлэнх нь шашинтай холбоотой шалтгаанаар толгойн алчуур зүүдэг хэдий ч Кабул тэргүүтэй хотын бүсүүдэд нүүрээ халхалдаггүй байна. Харин 1996-2001 онд “Талибан” засгийн эрхийг барих хугацаанд эмэгтэйчүүд заавал бурка өмсөх ёстой байв.


Талибууд 2021 онд засгийн эрхэнд эргэн гарснаасаа хойш хэвлэл мэдээллийн салбарт хатуу хязгаарлалтууд тогтоож, хүний эрхийг зөрчих болжээ. Тухайлбал, охид, эмэгтэйчүүд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, чөлөөтэй зорчих зэрэг олон эрхээ хасуулсан байна. 

Холбоотой мэдээ