МОНЦАМЭ агентлаг номын баярт мэдээллийн түншээр ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-05-20 15:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их уншъя" уриан дор 31 дэх удаагийн номын баяр төв талбайд нээлтээ хийлээ.


Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өвийг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой номын баярын нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Соёлын дэд сайд М.Батбаяр болон Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны Элчин сайд нар, ОХУ-ын зочин зохиолчид, Ардын уран зохиолчид болон иргэд, уншигчид оролцов.


Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Монгол Улсын Их Хурлаас Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тэмдэглэж байхаар шийдвэрлэж, жил бүрийн тав, есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэж байхаар хуульчилсан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах тал дээр Улсын Их Хурал онцгой ач холбогдол өгч байна. Төрийн шийдвэрийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг улс орон даяар зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн нийт иргэддээ талархсанаа илэрхийлье. Өнөөдрийн үйл ажиллагаанд гадаадын Элчин сайдууд болон гадны зохиолчдын төлөөлөл оролцож байна. “Үндэсний бичиг соёлын өдөр”, номын баяр нь олон улсын арга хэмжээ болсныг харуулж байна” хэмээгээд номын баяртаа нэгдэж, илүү их уншихыг уриаллаа.

Өмнөх жилүүдэд "Онцлох ном, "Шилдэг уншигч", "Номын ертөнцийн гавьяатан"-ыг шалгаруулж, Монгол Улсын Их Хурлын даргын нэрэмжит "Мэргэн ном" цомоор шагнадаг байсан юм. Тэгвэл уг үйл ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор ирэх намрын номын баяраас эхлэн “Номын сайн нөхөр”, “Шилдэг уншигч”, “Шилдэг зохиолч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг хэвлэлийн газар” шалгаруулах уралдаан зохион байгуулах болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар зарлаж, уралдааны болзол журмын анхны төслийг Соёлын дэд сайд М.Батбаярт гардуулан өгөв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, “Ном бол хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог. Монгол туургатан мянга мянгаар тоологдох өв их соёл, язгуур уламжлалын магнайд ном эрдмийг хүндэтгэн дээдэлж, есөн эрдэнээр чимэглэн, шастир их цадиг, суу сэтгэлгээний охь болсон бүтээлүүдээ нандигнан хайрлаж, эрхэмлэн уншдаг ариун уламжлалтай ард түмэн”  хэмээв.

"Номын соёлт ертөнц ТББ"-аас 17 дахь жилдээ зохион байгуулж буй тус номын баярт дунджаар 100  гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, номын санч, 50 мянга гаруй уншигч оролцдог. Зохиолч, орчуулагч, номын худалдаа эрхлэгчид болон иргэд төв талбайд 280 гаруй асарт бүтээлээ дэлгэж байна. Тэд энэ жилийн номын баярыг зохион байгуулалт сайтай, өргөн цар хүрээтэй болж буйг онцолж байв.


Энэ удаагийн номын баярт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг албан ёсны түншээр ажиллаж байна.


Одоогоос 101 жилийн өмнө буюу 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага МОНЦАМЭ агентлаг Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах болон дэлхий дахины мэдээллийг монголчуудад хүргэх хамгийн шуурхай, үр дүнтэй, баталгаатай эх сурвалж юм.

Өдөр тутам монгол, англи, орос, хятад, япон 5 хэлээр дотоод, гадаад мэдээллийн www.montsame.gov.mn цахим хуудас, долоо хоног тутам монгол бичгээр “Хүмүүн бичиг” сонин, улирал тутам хэвлэгдэн гардаг “Mongolia Today” сэтгүүл /англи хэлээр/, жил бүр шинэчлэн хэвлэдэг мэдээлэл сурталчилгаа-танин мэдэхүйн “Mongolia” ном /англи хэлээр/-ыг хэвлэн гаргаж, ажиллуулан нийтийн хүртээл болгож байна.


Номын баярт тус агентлагийн уран бүтээлчид жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай. Тухайлбал, СГЗ, судлаач Ч.Эрдэнэ “Мэдээний машин”, Г.Жамц “Тавилан”, "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Аян замын тэмдэглэлүүд", “Нөхөн сонгууль болохгүй”, “Хагас жарны нийтлэлүүд”, “Сонгодог монгол бичгийн үзгийн хичээнгүй тиг”,  “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч Б.Хандмаа “Монгол соёлын амин хэлхээ” ном болон МОНЦАМЭ агентлагийн үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн түүвэр, Орон нутгийн сурвалжлагчдын “Давтагдашгүй ховор нандин үзмэрүүд” зэрэг бүтээлүүдээ дэлгэжээ. 



Номын баяраар бүх ном 5-70 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор номуудыг ч нэг дороос авах боломж ийнхүү бүрдэж буй юм.

Тагтаа паблишинг Үндэсний номын баярыг тохиолдуулан бүх номоо 15-30 хүртэлх хувиар хямдруулжээ. Тухайлбал, Ц.Дэлгэрмаагийн "Баавгай нэртэй шувуу Бархас охин хоёрын түүх” хүүхдийн бэсрэг тууж 30 хувь хямдарсан бол "Тагтаа Review" сэтгүүлийн хэвлэгдэн гараад буй хоёр дугаар багцаараа 30 мянган төгрөгийн үнэтэй болсон аж. Харин Жулиан Барнсийн "Төгсгөлийн мэдрэмж", Нобелийн шагналт зохиолч Мө Янь "Мэлхий" роман, Үй Хуагийн "Цусаа худалдсан тэмдэглэл", Ким Ионгха “Эх орон чинь дуудаж байна”, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн "Зүрхэнд агч Намур"  ном 20 хувь хямдарчээ.


Мөн Үй Хуа "Амьдрахуй", Михаил Булгаков "Нохойн зүрх", Бохумил Храбал "Дөтлөн үзэгдэх галт тэрэг", Ален Бадью "Хайрын магтуу", Мө.Батбаярын "Тэнгэрт ойрхон дуулж яваа хүн" зэрэг ном 15-17 хувиар хямдарсан байна. Түүнчлэн “Мон судар”, Интерном бүх номоо 10-50 хувь хямдруулсан байв.


Энэ удаагийн номын баярт Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон тус улсын зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцож бэстселлер ном зохиолуудаа танилцуулж буйгаараа онцлогтой.


ОХУ-ын зохиолч О.Шишкин хэлэхдээ, “Энэхүү номын баярт ирж байгаа уншигчид өөрт хэрэгтэй зүйлээ олох боломжтой нь харагдаж байна. Москвагийн Улаан талбайд жилд хоёр удаа номын үзэсгэлэн яармаг болдог. Миний ажигласнаар дэлхийд ховордсон ном хайж хүмүүс Улаан талбайг зорьдог. Миний хувьд номын баярт  Н.К.Рерихийн тухай болон 2 номтой ирж оролцож байна. Архивын эрүүгийн судлал шинжилгээний чиглэлээр  Н.К.Рерихийн тухай номыг 27 жил бичиж дуусгасан. Энэхүү номд архивын маш ховор материал орсон бөгөөд номынхоо ачаар Монголд нэг биш удаа айлчилж байв. Мөн Пакистан, Энэтхэг, Сибирийн өмнөд хэсгээр гээд Төв Азийн олон орноор явсан. Номын баяраар миний номын тухай болон бусад орос зохиолчдын номын танилцуулга болно. Орчин цагийн хүмүүс интернэтээс товч мэдээлэл авах сонирхолтой болсон. Гэвч хүн ном их унших хэрэгтэй” хэмээсэн юм.


Номын баяр төв талбайд гурван өдөр үргэлжилнэ.












Холбоотой мэдээ