Ж.Байден, Юн Сок Ёл нар БНАСАУ-ын эсрэг тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-23 09:42:11

СӨҮЛ. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын төрийн тэргүүн Юн Сок Ёл нар БНАСАУ-ын цөмийн, пуужингийн хөгжүүлэлтийн ажил түргэсэж байгаатай холбогдуулан тус улсын эсрэг тогтоон барих хүчээ бэхжүүлэхээр тохиролцжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Азид хийж буй айлчлалаа БНСУ-аас эхлүүлсэн бөгөөд Ж.Байден, Юн Сок Ёл нарын анхны дээд хэмжээний уулзалт Сөүл хотноо бямба гарагт болсон юм. Хоёр цаг үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын дараах хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден, Америк цөмийн хүчин, чадавхи зэрэг янз бүрийн “тогтоон барих өргөтгөсөн хэрэгслээр” Өмнөдөд дэмжлэг үзүүлэх амлалтаа дахин нотолжээ.


Түүний хэлснээр, хоёр орон тогтоон барих хүчин чадавхиа бэхжүүлэх, Солонгосын хойгийн цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд ажиллах замаар БНАСАУ-аас учрах аюул заналыг арилгах ажээ. Ж.Байден, Юн Сок Ёл нар тогтоон барих хүчийг бэхжүүлэх тухай өндөр түвшний яриа хэлэлцээг эрт эхлүүлэхээр тохиролцсон байна.


Юн Сок Ёлын мэдээлснээр, талууд БНАСАУ-ын цөмийн, пуужингийн хөтөлбөр түргэсэж байгаад ихэд санаа зовниж буйгаа илэрхийлээд, бусад сорилтоос урьдан уг асуудлыг зохицуулахыг чухалчлах хэрэгтэй гэдэгт санал нэгджээ. Мөн хоёр орны жил бүр зохион байгуулдаг цэргийн хамтарсан сургуулилалтын цар хүрээг өргөжүүлэх талаар ярилцаж эхлэхээр шийдсэн байна.


Ж.Байденаас Сөүл, Токиогийн харилцааны талаар асуухад, БНСУ, Япон, АНУ-ын хувьд эдийн засаг, батлан хамгаалах чиглэлээр нягт уялдаа холбоотой ажиллах нь туйлын чухал гэдгийг онцолжээ. Үүнээс гадна БНАСАУ-д “COVID-19” халдвар тархсан бололтой байгаатай холбогдуулан хоёр удирдагч бусад улс оронтой хамтран Пёньянд тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа дахин нотолсон байна. 

Холбоотой мэдээ