Ц.Мөнхцэцэг: Хоёр танхимтай парламент бий болох асуудлыг хүлээн авах боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-05-23 17:43:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт” асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр эрдэмтэн, судлаач, хуульчдын санал, зөвлөмжийг сонсох хэлэлцүүлгийг зохион байгуулав.


Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнхцэцэг ажилласан. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд хэлсэн үгэндээ улс төрийн намууд болон УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж 100 мянган иргэнээс сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар УИХ-ын даргад санал, шаардлага ирүүлсэн учир Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулан санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын баг байгуулсан хэмээв.


Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын баг улс төрийн намууд болон иргэдээс ирүүлсэн шаардлагуудын үндсэн дээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судалж байгаа аж. Энэ хүрээнд эрдэмтэд, судлаачид, хуульчдын санал зөвлөмжийг сонсох үүднээс өнөөдрийн хэлэлцүүлгийг өрнүүлж буйг мөн хэлсэн үгэндээ дурьдсан. Түүнчлэн, 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш гурван жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрэх ямар үндэслэл байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэх эерэг үр нөлөөний талаар үндэслэл нотолгоотой дүгнэлт гаргах үүргийг Ажлын баг хүлээж буйг дурьдлаа.  


Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын багийн гишүүн Н.Энхболд мөн үг хэлэв. Тэрбээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага зайлшгүй байна уу гэдгийг энэ долоо хоногийн туршид эрдэмтэн, судлаачид, хуульчдаас гадна улс төрийн намуудын удирдлагууд, мөн ардчилан Үндсэн хууль тогтоогчид зэрэг нийгмийн бүлгүүдийг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлж, ярилцана гэдгийг онцолсон.


Үргэлжлүүлэн хүрэлцэн ирсэн оролцогчид санал, зөвлөмж хэлж, УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн сэдвийн дагуу асуулт асууж, хариулт авсан. Д.Үүрцайх, Н.Мягмарцоож, П.Амаржаргал, Т.Туяачимэг, Я.Төгөлдөр, Г.Чулуунбаатар, Б.Гүнбилэг, А.Цанжид нарын эрдэмтэн судлаачид, хуульчид  сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөс өмнө Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг шинэчлэн батлах шаардлагатай, сонгуулийн тогтолцооноос илүү улс төрийн намын санхүүжилтийг хянах нь асуудал чухал гэдгийг онцлов. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлага бодитоор үүссэн үү гэдэгт нухацтай хандах, шаардлага үүссэн гэж үзэхгүй бол улс төрийн намууд хийгээд иргэдийн тавьж буй шаардлагыг органик хуулиар зохицуулах боломжтой харагдаж буйг мөн дурдлаа. Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулалгүйгээр сонгуулийн тогтолцоог УИХ олон аргаар өөрчлөх эрх нь бий, гишүүдийн тоог нэмж, төвлөрсөн эрх мэдлийг сааруулах шаардлагатай зэрэг саналаа илэрхийллээ.


Түүнчлэн оролцогчид сонгуулийн тогтолцооны аль хэлбэрийг сонгох талаар Ажлын багийн байр суурийг тодруулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн, хэлэлцүүлгийн чиглүүлэгч Ц.Мөнхцэцэг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярьж буй ч засаглалын хэлбэр солих, хоёр танхимтай парламент бий болох зэрэг асуудлыг хүлээн авах боломжгүй гэдэг байр суурьтай байгаа талаар хэллээ. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд, "Энэ парламентын олонх буюу Монгол ардын намын бүлэг албан ёсоор санал гаргасан, нэгдсэн байр суурьт хүрсэн асуудал байхгүй,  Бүлэг дээрээ албан ёсоор асуудал болгож яриагүй байгаа" хэмээв.


Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ долоо хоногийн лхагва гаригт эл асуудлаар улс төрийн намуудын удирдлагууд, баасан гаригт ардчилсан Үндсэн хууль тогтоогчдыг оролцуулан хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөж байна.

Холбоотой мэдээ