Тайвань улстай эрүүл мэндийн хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-08-06 13:50:23

Баянхонгор аймагт Тайвань улсын эмч, мэргэжилтнүүд Ламын гэгээнтний урилгаар 3 дахь жилдээ хүмүүнлэгийн үйл хийлээ.

Тэд өнгөрсөн сарын 26-наас Баянхонгор аймгийн Баянхонгор, Галуут, Баянбулаг, Баянцагаан зэрэг хэд хэдэн сумдад ажиллан нийт 2479 хүнд үзлэг, эмчилгээ хийсэн байна.

Үзлэгээр Баянхонгор аймагт цаг уур, амьдарч буй орчин, нөхцлөөр хамаарч хэд, хэдэн төрлийн өвчин эмгэг зонхилж байгаа болохыг эмч мэргэжилтнүүд хэлсэн. Тухайлбал, зүрх судас, элэг, ходоод зэрэг дотор эрхтэн, харшил, арьсны төрлийн өвчлөл их байгааг онцолж байв. 

 Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал Тайвань улсын эмч мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзахдаа Баянхонгор аймагт эрүүл мэндийн салбарт хийхээр төлөвлөж буй ажил, шинэчлэлийн талаар дурдаж цаашид хамтран ажиллах талаар санал тавьсан юм. Тодруулбал, Тайвань улс нь Уламжлалт анагаах буюу зүү тавих, бариа заслаараа алдартай. Баянхонгор аймагт эрүүл мэндийн томоохон хамтарсан төв байгуулж түүгээрээ хүн амыг эрүүлжүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Энэ талаар ч аймгийн үндсэн чиглэлд тусгаж ажил хэрэг болгоход анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Аймгийн Засаг дарга Г.Батжаргалын тавьсан саналыг Тайвань улсын эмч мэргэжилтнүүд нааштайгаар хүлээн авсан бөгөөд хоёр улсын хооронд эрүүл мэндийн чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болохыг онцлов.

 Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ