ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Аймгууд дахь хүнсний үйлдвэрлэл, улсын болон өөрсдийн хэрэгцээг хангаж буй байдал

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarantsetseg@montsame.mn
2022-11-03 10:11:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022-2027 онд хэрэгжүүлэх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлээд байна.


Энэхүү санаачилгын нэг зорилт нь “Хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох” юм.


Үүний үр дүнд ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол Улс хүнс экспортлогч улс болох эхлэл тавигдах юм. Энэ дагуу орон нутагт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногооны хэдэн хувийг үйлдвэрлэж улсын болон дотоодын хэрэгцээг хангаж байгааг тоймлон хүргэж байна.

АРХАНГАЙ: Тус аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 74 үйлдвэр, цех 239 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний 40.9 мянган тн мах бэлтгэж 100 хувь, 35.3 сая литр сүү бэлтгэж 100 хувь, 0.32 мянган тн гурил бэлтгэж 12.5 хувь, 2.58 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 42 хувь, 2.2 мянган тн төмс бэлтгэж 57 хувь, 1.3 мянган тн хүнсний ногоо бэлтгэж 23 хувь, 0.025 мянган тн жимс, жимсгэнэ бэлтгэж 0.5 хувь, 0.05 мянган тн өндөг бэлтгэж 10 хувийг  тус тус хангаж байна.


Аймгийн хэмжээнд энэ онд 8265 га-д үр тариа, үүнээс 7965 га-д улаанбуудай, 4100 га-д малын тэжээл, 600 га-д тосны ургамал, 275 га-д төмс, 166 га-д хүнсний ногоо, 80 га-д жимс жимсгэнэ, нийтдээ 13486 га–д тариалалт,  7600 га-д уриншийн боловсруулалт хийхээр төлөвлөсөн. Үүнээс 10863 га-д үр тариа үүнээс 10453 га-д улаанбуудай, 70 га-д арвай, 340 га-д хошуу будаа, 1225 га-д тосны ургамал, 2440 га-д малын тэжээл, 126 га-д хүнсний ногоо, 263 га-д төмс, 84 га-д жимс, жимсгэнэ, нийт 15001 га талбайд тариалалт хийсэн.Төлөвлөсөн хэмжээнээс 11 хувиар нэмэгдүүлсэн байна.


Урьдчилсан балансаар га-гаас 12 цн буюу 12544 тн улаанбуудай, 492 тн хошуу будаа, га-гаас 21 цн буюу 5125 тн малын тэжээл, 613 тн тосны ургамал, га-гаас 90 цн буюу 2368.8 тн төмс, 1010.4 тн хүнсний ногоо, нийт 22153.2 тн ургац хураан авахаар тооцож байна.

 

БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн тариаланчид 2022 оны хавар 1380 га талбайд тариалалт хийсэн ба талбайн хэмжээ нь өмнөх оныхоос 80 га-гаар нэмэгдсэн. Үүнээс 330 га-д төмс, 152,5 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс, жимсгэнэ, үлдсэн хэсэгт нь малын тэжээл тариалсан. Урьдчилсан тооцоогоор 4160,3 тонн төмс, 1874 тонн хүнсний ногоо, 125 тонн жимс жимсгэнэ хураан авсан. Хураан авсан ургацаар тооцоход хүн амын төмсний хэрэгцээний 95, хүнсний ногооны хэрэгцээний 22, жимс, жимсгэнийн 1,5 хувийг дотооддоо хангах юм.


Тус аймаг нь 2,4 сая толгой малтай. Жилд 1272 тонн малын мах, 181,2 мянган литр сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махыг 100 хувь, сүүний бэлтгэлийг 83 хувиар тус тус дотооддоо хангаж байна.

 

БАЯНХОНГОР: Энэ онд нийт 238 га талбайгаас 1720 тн төмс, 150.5 га талбайгаас 785 тн хүнсний ногоо тус тус хураан авсан. Энэ нь аймгийн нийт хүн амын хэрэгцээний төмс 53.2 хувь, хүнсний ногоо 11.2 хувийг хангаж байгаа дүн юм. Баянхонгор аймгийн иргэдийн махны хэрэгцээг дотоодоос 100 хувь ханган нийлүүлж, нийт махны 48.5 хувийг үйлдвэрийн аргаар /дулааны болон хагас боловсруулалт/ боловсруулсан байна. Харин сүүний хэрэгцээний 73.6 хувийг дотоодоосоо хангаж байна. Энэ онд хүнсний хэрэгцээ болон зах зээлд борлуулах мал 442.6 мянган толгой буюу тэмээ 3.6 мянга, адуу 10.9 мянга, үхэр 15.8 мянга, хонь 142.7 мянга, ямаа 269.2 мянган толгой байна.

 

БУЛГАН: Тус аймаг мах, сүү, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 26,6 хувиар орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.


Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт багтдаг бөгөөд сүүлийн таван жилийн дунджаар улсын хэмжээний хураасан үр тарианы 10,9, төмсний 1,2, хүнсний ногооны 0,8 хувийг авч, хүн амыг стратегийн хүнсээр хангахад хувь нэмэр оруулсан байна. Жилд дунджаар 47,0-57,0 мянган тонн үр тариа, 400-450 тонн төмс хураан авдаг.


Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57,3 хувийг хөдөө аж ахуйн салбар үйлдвэрлэдэг бөгөөд түүний 62,4 хувь мал аж ахуйн салбарт ногддог. Мал ахуйн салбар жилд дунджаар 1-1,2 сая толгой мал зах зээлд борлуулж, 55,3 мянган тонн мах, 41,2 сая литр сүү нийлүүлдэг байна.


ДАРХАН-УУЛ: Тус аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл нь улсын хэмжээний үр тарианы ургацын 4.2 хувь, төмсний ургацын 4.4 хувь, хүнсний ногооны ургацын 17.6 хувийг эзэлж байна 2022 онд нийт 22180.87 га-д буюу 115 хувийн гүйцэтгэлтэй тариалалт хийсэн байна. Үүнээс төмс 646.4 га талбайд, хүнсний ногоо 1525.3 га талбайд, үр тариа 14563.46 га талбайд, тосны ургамал 4808.25 га талбайд талбайд, малын тэжээл 549 га талбайд тус тус тариалсан байна.


ДОРНОД: Тус аймаг дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100 хувь хангаж байна. Жилд 16.3 мянган тонн малын мах, 7.8 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 73.5 хувь буюу зургаан сая литр сүүг мал аж ахуйн салбараас хүлээн авч байгаа бол талх, гурилан бүтээгдэхүүний 28.8 хувь, төмсний 64.6 хувь, хүнсний ногооны 24.6 хувь, жимс, жимсгэний 0.03 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангадаг.

 

Тус аймагт хоногт 2.5 тонн шувууны мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай гэсэн судалгаа бий. Аймгийн хэмжээнд 13 мянга орчим тэжээвэр шувуу бий. Үүний бараг 12 мянга нь аймгийн төв Хэрлэн суманд байдгаас 9000 мянга орчим нь тахиа, 3000 нь бөдөн шувуу гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тайланд дурджээ. Энэхүү дүн мэдээнээс харвал, маш цөөн айл гэрээр тахиа шувуу тэжээдэг. Гэтэл тахианы мах, өндөгний эрэлт, хэрэгцээ бидэнд хангалттай байна.

 

ДОРНОГОВЬ: Тус аймаг махны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж байгаа бол гурилан бүтээгдэхүүний 5.4 хувийг, хүнсний ногооны 10.7 хувийг тус тус дотоодоос хангаж байна.


Харин сүүний 76.4 хувь, өндөгний 47 хувийг дотоодоос хангаж буй. Энэ жил говь нутгийн тариаланчид 136 га талбайгаас 579 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бол ургац хураалт 82 хувьтай байна.

 

ДУНДГОВЬ: Тус аймгийн хэмжээнд 74 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээлийн ургамал тариалж, 444.3 тн ургац хураан авахаар төлөвлөснөөс 392,6 тн ургац хураан авчээ. Өөрөөр хэлбэл төлөвлөгөөгөө 88,0 хувь биелүүлсэн байна. Тодруулбал,  27,2 га талбайгаас 210 тн төмс, 18,8 га талбайгаас 170,0 тн хүнсний ногоо, 11,4 га-аас 4,5 тн жимс жимсгэнэ, 6,4 га-гаас 8,1 тн малын тэжээлийн ургамал хураан авчээ.


Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 66,3 га талбайд тариалалт хийж, 419,2 тн ургац хураан авч байсан бол энэ жил авсан ургацын нийт хэмжээ өнгөрсөн жилийнхээс  буурсан байна. Төрлөөр нь авч үзвэл, төмс 23 тн, тэжээлийн ургамал 13,1 тн-оор буурч, харин хүнсний ногоо 7,7 тн, жимс жимсгэнэ 1,9 тн-оор нэмэгджээ.

 

ГОВЬ-АЛТАЙ: Тус аймаг нь 2022 онд 1416,6 га талбайд буюу өмнөх оноос 34 га-аар нэмэгдүүлэн тариалалт хийсэн. Үүнээс: Үр тариа 330 га, ногоон тэжээл 827 га-д, төмс 49 га-д, хүнсний ногоо 84 га-д, жимс, жимсгэнэ 125,6 га; Ургац хураалт аймгийн хэмжээнд 1189,9 га-аас 2541,3 тн ургац хураан авч, 87 хувийн хэрэгжилттэй байна. Үүнд: үр тариа 269 га-аас 311 тн, төмс 42,9 га-аас 235 тн, хүнсний ногоо 65 га-аас 381 тн, ногоон тэжээл 718 га-аас 1487 тн, жимс, жимсгэнэ 95 га-аас 127,3 тн. Тус аймаг 2021 оны жилийн эцсээр 2,9 сая толгой мал тоологдож, жилд 358.8 мянган толгой мал 56,575 сая литр сүү үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээт махыг 100 хувь, сүүний бэлтгэлийг 68 хувиар тус тус дотооддоо хангаж байна.

ОРХОН: Тус аймаг 84.4 мянган га газар нутагтай бөгөөд үүнээс 46.3 мянган га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар. Үүний 5300 га нь тариалангийн талбай, 33700 га нь бэлчээр юм. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 0.8 хувь нь хөдөө аж ахуйн салбарт бий болдог.


Газар тариалангийн салбарт нийтдээ 50 гаруй  аж ахуйн нэгж үйлдвэрлэл эрхэлж жилд  дунджаар 2000 гаруй тонн үр тариа, 5000 орчим тонн төмс, 4000 орчим тонн хүнсний ногоо хураан авч, 9000 орчим тонн хадлан бэлтгэдэг. Нэг га-аас  30 цн үр тариа, 123 цн төмс, 156 цн хүнсний ногоо хурааж авдаг. Төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувь хангадаг.


Орхон аймаг  талх, нарийн боовны хэрэглээнийхээ 70 орчим хувийг бусад орон нутгаас авдаг. Мөн 7.1 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гурван сүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж, сүү боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хүчин чадлын ашиглалт 10.4 хувьтай байна. Орхон аймаг 270 орчим мянган малтай юм. 

 

ЗАВХАН: Тус аймаг 10 сарын 1-ний байдлаар 1375.3 тн төмс, 1194.3 тн хүнсний ногоо, 6295.0 тн хадлан, 78.2 тн гар тэжээл, 4265.5 тн тэжээлийн ургамал, 550.0 тн үр тариа тус тус хураан аваад байна. Ургац хураалтын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төмс 489.4 тн буюу 26.2 хувь, таримал тэжээл 1628.3 тн буюу 27.6 хувь, байгалийн хадлан 2961.0 тн буюу 32.0 хувиар тус тус буурчээ.


Харин үр тариа 440.0 тн буюу тав дахин, хүнсний ногоо 69.7 тн буюу 6.2 хувиар тус тус өссөн байна. Тус аймаг хүн амын хүнсний хэрэгцээнийхээ төмсний 70 гаруй хувийг хүнсний ногооны 40 хувийг хангадаг.


Тус аймаг орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болжээ. Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тонн, “Гала”, Импала сортын үрийн төмс 2.0 тонныг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 гаруй тариаланч сүүлийн дөрвөн жил гэрээгээр олгож үржүүлсэн нь төмсний тариалалтыг нэмэгдүүлсэн байна.

 

Завхан аймаг 2021 онд, оны эхний нийт малын 33.8 хувьтай тэнцэх 1 сая 302.3 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна. Малтай нэг өрхөд дунджаар 94 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 62 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан байна. Харин оны эхний нийт малын 28.4 хувьтай тэнцэх 1095.0 мянган малыг зах зээлд худалдан борлуулжээ. 207.2 мянган малыг хүнсэнд хэрэглэсэн байна. Хүнсэнд хэрэглэсэн малыг аймгийн нийт өрхөд харьцуулахад нэг өрхөд дунджаар 10 толгой мал ногдож байгаа аж. Завхан аймгийн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 52.7 хувийг мах үйлдвэрлэл эзэлж байна. Энэ нь баруун бүс нутгийн 30 орчим хувийг хангаж байна.


ӨВӨРХАНГАЙ: Тус аймаг  20 мянган тонн мах хүнсэнд хэрэглэн 11 мянган тонн мах зах зээлд худалдан борлуулсан бол 34.3 мянган тонн сүү, 4.2 мянган тонн төмс, 2.7 мянган тонн хүнсний ногоо, 732.3 тонн гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хүн амын хэрэгцээт мах, сүүг 100 хувь, төмсийг 101.8 хувь, хүнсний ногоог 30.4 хувь, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүнийг 12 хувиар орон нутгаасаа хангаж байна. 

 

СҮХБААТАР: Тус аймаг өргөн хэрэглээгний хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх байдал өнгөрсөн оноос 10 гаруй хувиар нэмэгджээ. Одоогоор аймгийн хэмжээнд махаа 100 хувь, төмс 34,3 хүнсний ногоо 7,3 гурилан бүтээгдэхүүн 20, сүүний 30 хувийг дотоодоосоо хангаж байна.


Одоогоор аймгийн хэмжээнд махаа 100 хувь бэлтгэж байгаагийн 51,5 хувь нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах байдаг. Төмс 34,3 хүнсний ногоо 7,4 гурилан бүтээгдэхүүн 20, сүүний 30 хувийг дотоодоосоо хангаж байна. 


Тус аймаг жилд 28,5 сая литр сүүг бэлтгэх нөөцтэй ч иргэдийн малчид болон ААН-үүдээс худалдан авч буй хэмжээг авч үзвэл нийт нөөцийнхөө 30 орчим хувийг л авдаг, бусад тохиолдолд импортын бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. 


Энэ жил Сүхбаатар, Эрдэнэцагаан, Түмэнцогт суманд нийт 7627 га талбайд тариалалт хийснээс голлох нь улаанбуудай 3125 га, малын тэжээл 875 га талбайд тарьсан байна. Малын тэжээл 875 га талбайд тарьснаас 2185 тонн өвс хураана гэж төлөвлөжээ.


Төмс, хүнсний ногоог хурааж дууссан. Урьдчилсан мэдээгээр 730 тонн төмс, 470 тонн хүнсний ногоо хураан авчээ. Тосны ургамал, улаанбуудай зэрэг зарим ургац хураалт дуусаагүй байна. Одоогоор аймгийн хэмжээнд ургац хураалт 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр ургац хураалтыг бүрэн дуусгах аж.

 

СЭЛЭНГЭ: Тус аймаг 305.5 мянган га тариалангийн эргэлтийн талбайтай жилд дунджаар 170.0-190.0 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал, 2300-2500 га талбайд төмс, 2400-2700 га талбайд хүнсний ногоо тариалж, 120.0-130.0 мянган га талбайд уринш бэлтгэж, 140.0-180.0 мянган тн үр тариа, 30.0-32.0 мянган тн төмс, 32.0-35.0 мянган тн хүнсний ногоо хураан авч, улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 28, хүнсний ногооны 30 хувийг үйлдвэрлэж байна.

 

2022 онд үр тарианы 304 аж ахуй нэгж, 199 иргэн, төмс, хүнсний ногооны 33 аж ахуйн нэгж, 2251 иргэн 204 мянган га талбайд тариалалт хийснээс улаанбуудай 129.3 мян.га, арвай 693 га, овьёос 5 мян.га, гурвалжин будаа 1,2 мян.га, тэжээлийн ургамал 15.1 мян.га, тосны ургамал 47.7 мян,га, төмс 2.1 мян.га, хүнсний ногоо 2.8 мян.га талбайд тариалалт хийж, 102.2 мянган га талбайд химийн болон механик уринш боловсруулалт хийжээ.

 

Аймгийн хэмжээнд нийт мал сүргийн 46.4 хувийг хээлтэгч мал, 0.8 хувийг хээлтүүлэгч мал, 31.0 хувийг төл мал, 21.7 хувийг сувай буюу бусад мал эзэлж байна. Энэ онд 386136 толгой малыг борлуулж малаа эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцжээ.


Хүн амын хүнсний хэрэгцээт мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоог 100 хувь, өндөг, ургамлын тос, гурилан, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, буурцагт ургамлыг 1.6-67 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Үүнээс махны 17 хувийг, сүүний 26 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байна.

ХОВД: Хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, сүүний 88.4 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Жилд дунджаар 2100- 2900 га талбайд үр тариа /хөх тариа/, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал тариалж, жилд 20.0-28.0 мянган тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлдэг.

 

ХӨВСГӨЛ: Тус аймагт 5877005  толгой мал  тоологдсоноос дотоодын хэрэгцээнд буюу хүнсэнд 348,7 мянган толгой мал, зах зээлд 1466,5 мянган толгой мал борлуулж, орон нутгийн махны хэрэглээгээ бүрэн хангахаар төлөвлөж байна. Энэ жил 18 мянган га талбайд үр тариа, 510 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан. 1 га-аас 13,5 центр ургац хураан авч гурилын хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой юм.

Мөн тариаланчид орон нутгийнхаа төмсний 60 хувь, хүнсний ногооны 30 хувийг хангаж байна. Өнгөрсөн хугацаанд тус аймгийн иргэд хашаандаа ногоо тарих нь нэмэгдсэн хүнсний ногооны хүртээмжийг нэмэгдүүлж, өрхийн орлого нэмэгдэхэд нөлөөлсөн байна. Үүнээс гадна 500 тонн багтаамжтай хоёр зоорь байгуулсан нь хүнсний ногооны нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ. 

 

ТӨВ: Тус аймгийн үйлдвэрлэгчид, малчид Улаанбаатар хотын сүүний хэрэгцээний 45 орчим хувийг, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 30 орчим хувь, мах, махан бүтээгдэхүүний 40 орчим хувийг хангаж байна. 

Аймгийн хэмжээнд 2022-2023 онд 5.2 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 8.8 сая толгой мал өвөлжиж, нийт мал сүргийн 26.9 орчим хувь буюу 1.4 сая.толгой малаас 41.3 мян.тн мах бэлтгэн дотоодын хүнсний хэрэгцээнд болон зах зээлд нийлүүлэх урьдчилсан судалгаатай байна.

 

Өнөөдрийн байдлаар 60902 толгой амьд мал, 2046.7 тн мах, махан бүтээгдэхүүн, 31.6 тн дайвар бүтээгдэхүүнд зах зээлд нийлүүлээд байна. Ургацын урьдчилсан балансаар үр тариа 58564 га талбайгаас 83193.9 тн, нэгжийн ургац 14.2 цн, Үүнээс: Улаанбуудай 51175 га талбайгаас 71485.2 тн, нэгжийн ургац 14.0 цн, төмс 12525.9 га талбайгаас 153915 тн, нэгжийн ургац 122.9 цн, хүнсний ногоо 1923.6 га талбайгаас 23893.4 тн, нэгжийн ургац 124.2 цн, таримал тэжээл 17229 га талбайгаас 32857 тн, нэгжийн ургац 19.1 цн, тосны ургамал 27955 га талбайгаас 10580 тн, нэгжийн ургац 3.8 цн, нийт аймгийн хэмжээгээр 304438.9 тн ургац хураан авах төлөв гарчээ. 

Холбоотой мэдээ