БНСУ-ын улсын өр анх удаагаа 1000 их наяд вон давлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamdavaa@montsame.gov.mn
2022-06-16 15:42:43

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Засгийн газраас эдийн зaсгийн сэргэлтийг дэмжих зардал нэмэгдсэнтэй холбоотойгоор тус улсын нийт гадаад өр түүхэндээ анх удаа 1000 их наяд вон /781.07 тэрбум ам.доллар/ давжээ. 


БНСУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр, улсын нийт гадаад өр энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1001 их наяд вон болсон нь сарын өмнөхтэй харьцуулахад 19.1 их наяд воноор өссөн үзүүлэлт болжээ. Улсын төсвийн тэнцэл дөрөвдүгээр сарын эцсийн байдлаар 37.9 их наяд воны алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд воноор бага байна.


Сүүлийн үед эдийн засаг сэргэж байгаатай холбоотойгоор корпорацийн орлогын татвар, нэмэгдсэн өртгийн татвар, ашиг орлогын татварын хураалт нэмэгдсэнээр улсын нийт орлого энэ оны эхний дөрвөн сард 245.9 их наяд вон болсон нь өмнөх оны мөн үеийнхээс 28.3 их наяд воноор өсжээ.


Оны эцэс гэхэд улсын гадаад өр 1,068.8 их наяд вон болж өсөх төлөвтэй байна. 


Өнгөрсөн гуравдугаар сард БНСУ-ын Үндэсний ассамблей цар тахлыг хяналтад авах хатуу хязгаарлалтын улмаас алдагдал хүлээсэн жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгоор 62 их наяд воны нэмэлт төсөв баталсан юм. 

Холбоотой мэдээ