Дөрвөн сумыг улсын чанартай авто замтай холбох ажлыг эхлүүллээ

ОРОН НУТАГТ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-06-18 16:07:13

Төв /МОНЦАМЭ/ Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумыг холбох 122,4 км хатуу хучилттай автозам"-ын төслийн барилгын ажил эхэллээ.

Энэ авто зам нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар "Хүнс үйлдвэрлэгч-Экспортлогч орон" болох бодлого, зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэх хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц болох юм.

Тус зам хөдөлгөөний 2 зурвастай 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, төв суурин газартаа явган хүний зам, гэрэлтүүлэг бүхий тохижилттой байхаар төлөвлөгдсөн бөгөөд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 115 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж 2025 онд ашиглалтад оруулах юм.

Тус авто замын барилгын ажил үндсэн 4 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэгдүгээр хэсэг нь Улаанбаатар хот-Арвайхээр чиглэлийн А0301 авто замаас-Угтаалцайдам сумын 1-р баг хүртэлх 32,5 км авто зам, гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК, хоёрдугаар хэсэг нь Угтаалцайдам сумын 1-р баг-Угтаалцайдам сумын төв хүртэлх 18,1 км автозам, гүйцэтгэгчээр "Ди Вай Кей Би" ХХК, гуравдугаар хэсэг Угтаалцайдам сумын төвөөс-Цээл сумын төв хүртэлх 23,6 км авто зам, дөрөвдүгээр хэсэг болох Угтаалцайдам сумын 1-р багаас Заамар сумын төв хүртэлх 46,4 км авто зам болон Угтаалцайдам сум дотор 2,0 км авто замын гүйцэтгэгчээр "Туулын гүүр далай" ХХК тус тус шалгарч, өнөөдөр албан ёсоор ажлаа эхлүүлж байна.

Авто замын ажлыг чанартай, шуурхай явуулахад улсын төсвийн санхүүжилтээс гадна нэмэлт эх үүсвэр шаардлагатай бөгөөд холбогдох яам, агентлагуудтай хамтран Дэлхийн банкны хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр анхаарч ажиллаж байгааг албаныхан хэлж байлаа.

Баянхангай, Угтаалцайдам, Цээл, Заамар сум нь жилд дунджаар 60 мянган тонн үр тариа, 45 мянган тонн таримал тэжээл, 4 мянган тонн төмс, 5 мянган тонн хүнсний ногоо хураан авч, орон нутгийн хэрэгцээг хангахаас гадна нУлаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгжийг эрүүл, эко хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг. Мөн жилд дунджаар 22 мянган тонн өвс бэлтгэн иргэд, малчдад нийлүүлдгээрээ онцлогтой.

 

Холбоотой мэдээ