Отоглох цэгийн ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай

ФОТО
munkhzul@montsame.mn
2022-06-20 09:34:05

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баянхонгор аймгийн УТХГН-ийн Байгалийн цогцолбор газар буюу аялал жуулчлалын томоохон нөөц газар болох Төрийн тахилгат Их Богд уулын Цонж хайрхныг түшиглэн аялал жуулчлалын Отоглох цэг байгуулж байна.

Энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа компанийн ажлын гүйцэтгэлийн явцтай аймгийн БОАЖГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлыг баг танилцлаа. Өнөөдрийн байдлаар тус цэгийн ажлын гүйцэтгэл 60-70 хувьтай байгаа бөгөөд энэ сардаа багтааж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Их Богд уулын оргилд зуны дунд сард цас орж байхад уулын дунд хэсэгт бороо орж, бэл хоолойд нь 20-30 хэмийн халуун байдаг олон бичил уур амьсгалтай нутаг юм. Их Богд ууланд 1957 онд хүчтэй газар хөдлөлт болж уулын нэгэн оргил тасран унаж хоёр голын хөндийг хааснаар эдүгээ Хөх нуур, Ногоон нуур нэртэй үзэсгэлэнт хоёр нуурыг бий болгосон нь гадаадын жуулчдын сонирхлыг гойд татдаг билээ.

Ууланд аялах дуртай аялагчдын сонирхлыг татдаг бүс нутгийн нэг нь Их Богд уул. Их говийн дархан газар, байгалийн сонин тогтоц олонтой. Их Богд уул, Ичээтэй жарангийн нуруу, Өлзийт, Ноён, Тариат, Бургалтай зэрэг хараа булаам үзэсгэлэнт сайхан уулсаар чимэглэгдсэн.

Монголын хоолой, Хонгор, Давхар, Бор үзүүр, Үхэр толгойн өргөн цэнхэр талууд, Орог нуурын хөвөө, Толь нарийн цагаан, Их булагийн элсэн манхан зэрэг сонин тогтоцтой газрууд олон бий. 1957 оны 12 дугаар сарын 4-нд Их Богд ууланд 11.5 баллын хүчтэй газар хөдлөлтийн ул мөр 100 км үргэлжилсэн газрын хагарал өнөө хүртэл арилаагүй байна. Уул хагарч Битүүтийн хөндийд унаж голын усыг боосноос үүссэн нуур ч хэвээрээ байдаг.

Жаранбогд уулын оройд орших зөрсөн хос загасны дүрс бүхий хөшөөтэй хиргисүүр, Пунцагийн овооны бунхан, Дуут, Ханх, Хангинахын хадны бичиг, сүг зураг, Битүүтийн гэр хад /агуй/ зэрэг өвөрмөц сонин түүх, соёлын дурсгалт газрууд нь судлаачид, жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг.