"Билиг авьяас - Бидний бахархал 80" ардын урлагийн наадам зохион байгуулна

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-21 09:37:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Соёлын биет бус өвийн "Нүүдэлчин Монгол" наадам, Баянхонгор аймаг байгуулсны 80 жилийн ойг тохиолдуулан "Билиг авьяас - Бидний бахархал 80" ардын урлагийн наадмыг энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд зохион байгуулна.
Аймгийн Соёл урлагийн газраас зохион байгуулж буй тус наадамд 19 сумын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид оролцох юм. Тодруулбал, Эх хэл болон аман уламжлалууд, Ардын язгуур урлаг, Уламжлалт гар урлал, Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам, Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи, Мал маллах арга ухаан, Уламжлалт арга ухаан гэсэн долоон ай савын төрлүүдээр оролцоно.
Наадамд оролцогч, өвлөн уламжлагчдын уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн /үндэсний хувцас, эсгий урлал, арьс ширэн урлал, наамал, уран хатгамал, дархны урлал, сийлбэр, мал аж ахуйн тоног хэрэгсэл, гоёл чимэглэл/, сүү цагаан идээний үзэсгэлэн худалдааг мөн үеэр зохион байгуулах аж.
Тус наадмын зорилго нь Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, хөгжүүлэх, судалж сурталчлах, долоон ай савын хүрээнд өвийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, орон нутгийн соёлын өвийн бүртгэл мэдээллийг баяжуулахад оршиж байна.
Холбоотой мэдээ