ДУНДГОВЬ: Япон улсын Эхиме мужийн Сейёо хотын удирдлагуудтай цахим хурал хийв

ОРОН НУТАГТ | Дундговь
altantogos888@gmail.com
2022-06-23 16:10:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг Япон улсын Эхиме мужийн Сейёо хоттой бараа бүтээгдэхүүн импортлох, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, цөлжилтийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцов.

Тодруулбал, тус аймгийн удирдлагууд өнөөдөр Япон улсын Эхиме мужийн Сейёо хотын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Монгол, Япон хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, энэ жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой  тохиож байгааг онцлоод Сейёо хоттой орон нутгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэх хэд хэдэн санал дэвшүүлсэн байна.

Тухайлбал:

- Монгол, Япон хоёр улсын хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хүрээнд Дундговь аймгаас Сейёо хотод хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн импортлох;

- Сейёо хотын үйлдвэрлэлийн дэвшилтэт техник технологийн талаар туршлага судлан Дундговь аймгийн үйлдвэрүүдэд инновац нэвтрүүлэх, үйлдвэрлэл эрхлэгчдийг Сейёо хотод туршлага судлуулах ажлыг зохион байгуулах;

- Хоёр талын соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цөлжилтийг бууруулан ногоон орчныг бий болгох, хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийлсэн юм.

Сейёо хотын дарга Казуо Канке Дундговь аймаг болон Сейёо хот хүн ам, хөдөө аж ахуйн салбарын хувьд ижил төстэй байдал их байдгийг онцолж, аймгийн удирдлагуудын гаргасан санал санаачилгыг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлжээ.



Холбоотой мэдээ