ЦАГ АГААР: Зүүн болон говийн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-29 11:13:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-ын мэдээллээр, долдугаар сард  зүүн болон говийн аймгийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна.


Иймд хэт халуун, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал их тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа.


Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур эхний арав хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр олон жилийн дундаас 1-2 хэмээр дулаан байх бол нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар 10 хоногийг сүүлчээр олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байх аж. Эхний арав хоногийн дунд үе, сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн, дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Төвийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх юм. Агаарын температур эхний 10 хоногийн сүүлч, хоёр, гуравдугаар 10 хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн эхэн, 3 дугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэрнэ. Хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас Сүхбаатарын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй. Агаарын температур нэг болон 3 дугаар 10 хоногийн сүүлч, 2 дугаар 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар олон жилийн дунджас 1-2 хэмээр дулаан, мөн 1 болон 3 дугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байх аж. Хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд, хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур эхний 10 хоногийн сүүлч, хоёрдугаар 10 хоногийн дунд үе, 3 дугаар 10 хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх бол нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үеэр олон жилийн дундаас 1-2 хэмээр хүйтэн байх төлөвтэй. Хоёрдугаар 10 хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар 10 хоногийн эхэн, сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.




Холбоотой мэдээ