СЭЛЭНГЭ:Т.Пүрэвсүрэн: Наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-30 23:35:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум 7-р сарын 1-ний өдөр Ардын хувьсгалын 100, 101, Сүхбаатар сум байгуулсны 85 жилийн ойн баяр наадмаа зохион байгуулна. Баяр наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдсан талаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.


-Сүхбаатар сум маргааш наадмаа хийхээр болсон. Бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байна вэ?

-Бид Сүхбаатар сумын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг 7-р сарын 1-ний өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ерөнхийдөө бүрэн дуусч байна. Ойн баяртаа Сүхбаатар сумынхаа нийт иргэдийг идэвхтэй оролцохыг урьж байна.

-Сүхбаатар сумын тухайд энэ жил наадмаа хийх гэж байгаа нь онцлог байна л даа. Учир нь урд жилүүдэд тусгайлан сумын наадам гэж хийдэггүй, аймгийн наадамтайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлдэг байсан шүү дээ?

-Ковидын нөхцөл байдлаас үүдээд сүүлийн 2 жил бид наадмаа хийж амжаагүй. Сүхбаатар сум цаашдаа жил бүр баяр наадмаа хийхээр шийдвэрлэсэн. Өмнөх жилүүдэд аймгийн наадамтайгаа хамтад нь хийдэг байсан. Гэвч Сүхбаатар сум маань өөрийн гэсэн төр захиргаатай, аймгийн төвийн сум. Ийм учраас наадмаа хийх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэрт хүрсэн.

-Сумын наадам хийдэггүйгээс шалтгаалаад бөхчүүд, уяачид, сурын тамирчдад цол хэргэм хүртэхэд нь сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэлийг дагуулдаг байсан. Одоо Сүхбаатар сумын өөрийн бөх, харваач, уяачидтай болох нь ээ?

-Сүхбаатар сум наадмаа хийхгүй байгаагийн улмаас тус сумаас төрсөн бөхчүүд байхгүй байна. Сумын алдарт уяачид маань болзол шалгуураа хангахад хүндрэл бэрхшээл үүсч байна. Мөн дээр нь сумын мэргэн төрөхгүй байна. Сумын тухайд баяр наадмаараа баярладаг зүй тогтлоороо баярлаж чадахгүй байгаа нөхцөл байдал байсан. Иймээс цаашид баяр наадмаа уламжлал ёсоороо зохион байгуулна.

-Наадмын хөтөлбөрт ямар ямар зүйлийг багтаав. Наадамчин олноо баярлуулах онцлог үзүүлбэр юу байна вэ?

-Энэ жилийн онцлог гэвэл бид баяр наадмаа төв цэнгэлдэхдээ хийнэ. Наадмын бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Наадмын үеэр 6 нас уралдуулна. 64 бөх барилдана. Мөн үүний хажуугаар хос морьтон, үндэсний гоё хувцсаараа ижилссэн хосуудыг шалгаруулна. Түүнчлэн спортын тэмцээн уралдаан, жороо морины уралдаан, наамдын урлагийн тоглолт болно. Орой нь үдшийн цэнгүүн хийнэ. Энэ мэт үйл ажиллагаагаар Сүхбаатар сумынхаа иргэдийг тасралтгүй баярлуулах хөтөлбөрийг гаргасан байгаа.   

Холбоотой мэдээ