Яир Лапид Израилын Ерөнхий сайдын үүрэгт ажилдаа оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-01 09:06:29

ИЕРУСАЛИМ. /The Times of Israel/. Израилын Засгийн газрын удирдлага шөнө дунд Нафтали Беннеттээс (Шинэ барууны нам) Яир Лапидад ("Еш Атид" нам) албан ёсоор шилжсэн тухай тус улсын хэвлэлүүд өнөөдөр мэдээллээ.


"Бид хүчирхэг, цэцэглэн хөгжсөн еврейн ардчилсан улсын төлөө чадах бүхнээ хийх болно. Учир нь энэ бол бидний ажил бөгөөд хамгаас чухал ажил юм" гэж Я.Лапид огцорсон Ерөнхий сайд Н.Беннеттээс ажлаа хүлээн авах ёслолын үеэр мэдэгдсэн байна. 


Я.Лапид 11 дүгээр сарын 1-нд болох парламентын ээлжит бус сонгуулийн дараа байгуулах сайд нарын шинэ танхимын бүрэлдэхүүнийг зарлах хүртэл Засгийн газрыг тэргүүлэх юм. Энэ сонгууль нь Израилын хувьд сүүлийн гурван жилд явуулсан тав дахь сонгууль болно. Н.Беннет ирэх сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. 


Кнессет буюу Израилын парламент өмнө нь өөрөө тарах санал гаргасан бөгөөд 120 депутатаас 92 нь энэ саналыг дэмжсэн бол үлдсэн нь санал хураалтад оролцоогүй байна.  


Израилын Засгийн газрын өмнөх тэргүүн Н.Беннет, Гадаад хэргийн сайд Я.Лапид нар Кнессетийг тараахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 


Одоогийн эвслийн Засгийн газар 2021 оны зургаадугаар сарын 13-нд Кнессетийн дэмжлэгийг авсан юм. Эвслийн гэрээний хүрээнд Н.Беннетт эхний хоёр жил Ерөнхий сайдын албыг хаших ёстой байсан бөгөөд дараа нь ротацийн дүрмийн дагуу Я.Лапид энэ албан тушаалыг хүлээн авах ёстой байв.

Холбоотой мэдээ