“Нэг улс-Хоёр систем” бодлогыг чандлан мөрдөх нь чухал болохыг онцлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-07-01 19:36:48

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын “Нэг улс-Хоёр систем” бодлогыг чандлан мөрдөж, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь чухал болохыг тус улсын дарга Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.


БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконг эх орондоо эргэн ирсний 25 жилийн ой болон Хонконгийн засаг захиргааны зургаа дахь тэргүүн Жон Лигийн тангараг өргөх ёслолыг тохиолдуулан баасан гарагт буюу өнөөдөр зохион байгуулсан арга хэмжээний үеэр Ши Жиньпин үг хэлэхдээ ийн онцлон тэмдэглэсэн байна.


Уг арга хэмжээний үеэр түүний хэлсэн үгсээс онцлох эшлэлийг хүргэе.

БНХАУ-ын тусгаар тогтнол, аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхлыг сахин хамгаалах нь “Нэг улс-Хоёр систем” бодлогын эн тэргүүний чухал зарчим юм. Тиймдээ ч Хонконг болон Макао хоёр урт хугацаанд өмнөх капиталист тогтолцоогоо хадгалж, автономит буюу өөртөө засах эрхийг дээд зэргээр эдэлсээр ирсэн.

“Хонконгийг эх орончид удирдах ёстой” гэсэн зарчмыг тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй. Улс төрийн эрх мэдлийг эх орончдын гарт байлгах нь дэлхий даяар түгээмэл байдаг зарчим юм. 

Сайн засаглалыг хангах гэдэг нь Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдал болон түүний 7 сая гаруй оршин суугчийн амин чухал ашиг сонирхлыг хамгаална гэсэн үг.

БНХАУ-ын нээлттэй бодлогын шинэ загварыг илүү өргөн хүрээнд, илүү гүн гүнзгий хэрэгжүүлж, урагшлуулахад Хонконг чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Ирэх 5 жил бол Хонконгийн хувьд маш чухал он жилүүд байх болно. Сайн засаглалыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийн хөшүүргийг бэхжүүлж, ард иргэдийн аж амьдралд тулгамдаж буй саад бэрхшээлийг шийдвэрлэж, эв найрамдал болон тогтвортой байдлыг хамгаалахын тулд Хонконгийн шинэ засаг захиргаа болон нийгмийн бүх л салбар хамтын хүчин чармайлт гаргах хэрэгтэй.


Их Британийн колончлолоос гарч, 1997 оны долоодугаар сарын 1-нд БНХАУ-д эргэн нэгдсэнээс хойш Хонконг олон улсад хөгжил дэвшлийн статусаа ахиулсаар иржээ. Энэ оны гуравдугаар сард гарсан “Дэлхийн санхүүгийн төвүүдийн индекс”-ээс үзвэл, Хонконг нь Азийн санхүүгийн төвүүдийг тэргүүлж, дэлхийд гуравдугаарт орж байна.


Мөн Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн мэдэгдсэнээр, тус хот нь өрсөлдөх чадвараараа дэлхийд тавдугаарт бичигдэж байна.


1997-2021 онд Хонконг болон эх газрын Хятад хоорондын худалдааны хэмжээ 6.1 дахин буюу 50.77 тэрбум ам.доллароос 360.33 тэрбум ам.доллар болж өссөн бөгөөд энэ хугацаанд жилийн дундаж өсөлт нь 8.5 хувьтай байсан гэж Хятадын Худалдааны яам мэдэгджээ.


Эдгээр ололт амжилт нь Хонконгийн эдийн засгийн тулгын чулуу болсон “Нэг улс-Хоёр систем” бодлогын ач тус гэж Хятадын эрх баригчид болон шинжээчид үзэж байна.


Холбоотой мэдээ